
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-“Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх үүднээс намайн Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох болсноо зарласан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж Улсын Их Хуралд танилцуулах процесс өнөөдөр хийгдэнэ. Тийм учраас Улсын Их Хуралд танилцуулагдаж ажлаа хүлээж авсны дараа миний бие улс төрийн мэдэгдэл хийнэ гэдгээ хэлье.
Өчигдөр манай намын хяналтын хороо үүр шөнийн заагаар хуралдаж миний бие Монгол ардын намаас хөөгдсөн тухайгаа хэвлэл мэдээллээс мэдлээ. Хяналтын ерөнхий хорооны 4-5 гишүүн нь 2023 оны 12 дугаар сард болсон нүүрсний сонсгол дээр гэрчээр дуудагдаж байсан хүмүүс байна. Би нүүрсчдэд хөөгдөхгүй харин нүүрсчдийг эх орноосоо хөөнө.
Энэ өдрүүдэд их олон зүйл тодорхой болж байна. Би яг долоо хоногийн өмнө хэлж байсан Хэн нь нүүрсний хулгайтай холбоотой бэ гэдэг асуудлууд тодорхой болсоор байна. Энэ ямар хэмжээний улс орныг хэрсэн эрх мэдэл сүлбэлдсэн, ямар нэгэн аргаар эрх мэдлийн оройд залрахаар улайрч яваа бэ гэх мэт олон зүйлүүд энэ өдрүүдэд илчлэгдэж байна энэ бол ард түмний ялалт.
Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг нь цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хулгайлж байгаа, хүүхдүүдийн сурах боломжийг хулгайлж байгаа, Монголын ирээдүйг хулгайлж байгаа хулгайч нартай хийх тэмцэл гэж ойлгох ёстой” гэлээ.






