
Киргизстанд өнгөрсөн сарын 27-нд 17 настай сурагч охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэрэг гарсантай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров зохих албан тушаалтнуудад хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн этгээдүүдэд цаазын ял оноох тухай гарц гаргалгаа бүхий хуулийн төслийг боловсруулахыг үүрэг болгожээ.
Энэ тухай Ерөнхийлөгч С. Жапаровын хэвлэлийн нарийн бичгийн дарга Аскат Алагозов мэдэгджээ. Тэрээр, “Ерөнхийлөгч ялангуяа хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргүүд ял шийтгэлгүй хоцрох ёсгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй Айсулуу охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг Ерөнхийлөгч тусгай хяналтдаа авсан.” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн сарын 27-нд Иссык-Куль мужийн Барскоон тосгонд амьдардаг 17 настай Айсулуу охин хөрш хотод амьдардаг найз охин дээрээ очихоор замаас машин барьжээ. Барскоон тосгоны ШТС-ын хяналтын камерт охин Honda Stream маркийн автомашинд сууж байгаа нь бичигджээ.
Тус машиныг жолоодож явсан 41 настай эр Айсулууг ойролцоох тосгон руу авч яван, хүчирхийлснийхээ дараа 60 км цаана байх цөөрмийн дэргэд аваачин, боомилж хөнөөсөн болохыг мөрдөгчид тогтоожээ.

Гэмт этгээд охины цогцсыг нийслэл Бишкек хотоос 120 км зайд замын хажууд орхисныхоо дараа гэмт хэргийнхээ ул мөрийг баллахын тулд машинаа угааж, гар утас болон сим картаа хаясан байжээ.
Хууль сахиулагчид гэмт этгээдийг Бишкек хотоос баривчилсан ба сэжигтэн өмнө нь дээрэм болон хүний амь хөнөөхийг завдсан зэрэг хэргээр шүүхээс 7 жилийн хорих ял авч байжээ.
Айсулуу охиныг оршуулах ёслолын өмнө түүний гэр бүл, ойр дотнынхон эрх баригчдад хүүхэд хүчирхийлсэн, хөнөөсөн этгээдүүдэд оногдуулах ял шийтгэлийг чангатгах хүсэлт илгээжээ.
Нөгөө талаар Киргизстан улс 1998 оноос цаазын ялыг түдгэлзүүлж, 2007 онд цаазын ялыг бүрэн халсан юм. Үүнээс өмнө тус улсад цаазын ял авсан гэмт этгээдүүдийг буудан хөнөөдөг байжээ.
Хүний эрхийг хамгаалагч Назгуль Турдубекова хууль сахиулагчид болон шүүхийн талаас алдаа гаргах эрсдэл бий учир цаазын ялыг сэргээж болохгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр, “Киргизстанд ДНХ шинжилгээ хийдэггүй. Тийм учраас гэмгүй хүн цаазын ялд унах эрсдэл өндөр. Цаазлуулсан хүнийг эргүүлж босгох боломжгүй.” гэжээ.


НҮБ-ын Эмэгтэйчүүд, Энх тайван болон Аюулгүй байдлын индексээр Төв Азийн улс орнууд дундаас Киргизстан улс нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын тал дээр сүүл мушгидаг ба тус улсад жилдээ ойролцоогоор 30 эмэгтэй эрчүүдийн гарт амиа алддаг аж. Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн эрчүүдийн дийлэнх нь хохирогчийн ойр дотны хүн байдаг нь ч статистикаар тогтоогджээ.
Охид эмэгтэйчүүдийг найз залуу нь эсвэл эр нөхөр нь хөнөөсөн гэмт хэргүүд тус улсад элбэг тохиолддог. Хамгийн сүүлд л гэхэд 5 хүүхдийн ээж, 38 настай Айзирек Эралиеваг нөхөр нь хардалтын улмаас ангын буугаар буудан хөнөөсөн хэрэг гарсан нь олныг цочирдуулсан юм.
Эх сурвалж: bbc.com






