
Forbes сэтгүүлд бичсэнээр дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Илон Маскийн хөрөнгө өнгөрсөн лхагва гарагт 500.1 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрээр хөрөнгийнх нь хэмжээ 500 тэрбум ам.долларт хүрсэн анхны хүн болж байгаа аж.
И.Маскийн хөрөнгийн хэмжээ ийнхүү өссөн нь Tesla компанийн хувьцааны үнэ 2025 он гарснаас хойш 14 гаруй хувиар нэмэгдсэнтэй холбоотой аж. Хувьцааны үнийн өсөлтийг дагаад тус компанийн 12.4 гаруй хувийг эзэмшдэг И.Маскийн хөрөнгө 6 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

И.Маскийн хиймэл оюун ухааны стартап xAI компани мөн сансрын технологийн SpaceX компаниудын зах зээлийн үнэлгээ өссөн ч үүнд тодорхой хувь нэмэр оруулсан байна.
xAI компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн 7-р сард 75 тэрбум ам.долларт хүрсэн бол SpaceX компанийн үнэ 8-р сарын байдлаар 400 тэрбум ам.долларт хүрчээ.
Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад И. Маскийн араас Oracle компанийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Эллисон 350.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигджээ.
Эх сурвалж: reuters.com






