
Тайвань ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн болох лигроины хамгийн том импортлогч болжээ.
Тайвань ОХУ-ын Украинд явуулж буй дайнтай холбоотойгоор барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнд нэгдэж, Киевт дэмжлэг туслалцаа үзүүлж, Украины түнш орнуудын нэг гэдгээ зарласан хэдий ч 2025 оны эхний хагасын байдлаар Тайпей ОХУ-аас 1.3 тэрбум ам.долларын лигроин импортолж, сарын дундаж импорт нь 2022 оны мөн үеийнхээс 6 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Мөн Тайванийн энэ оны эхний хагаст ОХУ-аас импортолсон лигроины хэмжээ өмнөх оныхоос 44 хувиар өссөн байна.
Лигроин нь газрын тосны бүтээгдэхүүн бөгөөд Тайванийн эдийн засгийн гол тулгуур болох хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг аж.
2022 оны 2-р сараас хойш Тайпей ОХУ-аас 4.9 тэрбум ам.долларын лигроин импортолсон нь ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний нийт экспортын 20 хувийг дангаараа эзэлж байгаа аж.
Тайвань нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэн ч эрчим хүчнийхээ 97 орчим хувийг гадны улсаас импортолдог учир ОХУ-аас шатах ашигт малтмал худалдан авах тал дээр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй аж.
Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Москва газрын тосны экспортынхоо ачаар Украинд явуулж буй дайнаа санхүүжүүлсээр байгааг онцлон, ОХУ-Украины дайныг дуусгахын тулд улс орнууд ОХУ-аас нефть импортлохоо зогсоох шаардлагатайг анхааруулсаар байгаа билээ.






