Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо хэмээн мэдэгдэл хийлээ.
Ерөнхий сайдын мэдэгдэл УИХ-ын гишүүд болон хуульчдын дунд Үндсэн хуулийн зөрчил, маргаан үүсгэж эхэллээ.
Тэдний байр сууриас онцолбол,
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
“Бүх ард түмний нүдэн дээр ХОНГИЛынхоо харуулыг заналтайгаар сольж үзүүллээ дээ. Юун хууль засаглах. “Хүн л засагладаг юм! Харцгаа та нар!” гээд ил тод хашгирчихаад орлоо.
Хоёрдугаарт, Авлига хулгайтай ингэж тэмцэхгүй. Үүнийг бүх юм болсоны дараа жонгинох, гонгинох, өс зангиадах гэнэ. Өмнөх Ерөнхий сайдыг ч авлигатай огт тэмцээгүй гэж үздэг маань ийм л шалтгаантай. Уг нь улсын Ерөнхий сайд хүн байна даа, гарч ирээд “Уул уурхайг төрөөс салгалаа” гээд шийдвэрүүдээ танилцуулсан бол Монголчуудын нар гарах байлаа.
Төр хэдий чинээ хөрөнгөтэй байна, төдий чинээ авлига, хулгай цэцэглэнэ. Төрийг энэ их өмч, эрх мэдлээс салгахгүйгээр “Авлигатай тэмцэнэ!” гэдэг үг бүхэн хоосон авиа”
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулдаг.Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан.Өнөөдөр Ерөнхий сайдын мэдэгдэл дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө дөө. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-н сайдаар томилогдож бүрэн эрх үүсээгүй тул Л.Мөнхбаатар сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.
Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор АМНАТ холбоотой журам баталж бас Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн.Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой.
Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Үүнийг ингэж гажуудуулмааргүй байна. Харамсалтай”
Хуульч Б.Гүнбилэг:
“Б.Энхбаяр гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноор тухайлсан хэрэгтэй тэмцэхээр болж байна. Угтаа хуулиар хэн ч байсан шүүх эрх мэдэлд нөлөөлөхгүй, хараат бусаар ажиллуулах ёстой хэмээн заасан. Гэвч томилогдож байгаа хууль зүйн сайд нь Ерөнхий сайдынхаа “нохойд барьдаг мод” шиг нийгмийн сэтгэл зүйд хүрчихлээ. Засгийн газар нь, Парламентынхаа олонхтой үзээд байгаа юм шиг боллоо. Хэн нэгэн таны гэмт хэрэгтэн гэж зарлаж байснаа хууль зүйн сад болоод таны эсрэг явах гэж байна шүү дээ. Ийм л юм болж байна. Ийм ардчилал байж болохгүй” гэжээ.
Харин ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ уг асуудалд тайлбар өгөхдөө,
“Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилох, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх энэхүү бүрэн эрх нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг юм.
Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. Шийдвэрийг гаргах, албажуулах процесс Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу явагдах болно” гэсэн байна.







