
Өнөөдөр /2025.09.30/ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийлээ.
Тус мэдэгдэлд:
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Эрдэнэс тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоож хяналт шалгалтын ажлыг эхлүүлж нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг танилцуулж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг нь эдийн засгаа сэргээнэ гэсэн үг.
Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3,3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн. Эдийн засгийн өсөлт 2,4% болж унасан. Ажлаа аваад анх удаа түүхэндээ улсын төсвөө 2,2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотголыг хийсэн.Наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5,7 хувьд хүрсэн.
Эрдэнэс тавантолгойд онцгой дэглэм тогтоосны үр дүнд 8 дугаар сарын байдлаар:
- Борлуулалтын орлого нь 1,6 дахин
- Биржийн тээвэр 1,5 дахин
- Экспорт 1,2 дахин
- Үр ашиг нь 3 дахин
- Орлого 1,3 дахин
- Олборлолт нь 1,1 дахин өссөн.
Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн.
Эдийн засаг 5,7% болж өсөөд, валютын нөөц 5,7 тэрбум доллар болж нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд гарч байгаа нь тэнд бугшсан байсан нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүн.
Тэнд явагдсан хяналт шалгалтуудын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил тод болсон. Бүгдийг нь баримт, нотолгоотойгоор Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн.
Нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэрийг 18 км-ийн цаана яагаад байгуулсан. Энэ хооронд 1,5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол онцгой дэглэм тогтоосноор 400 мянга болж хувирсан.
Долоодугаар сарын 19-ний өдөр Тавантолгой компани дээр очиж ажиллахад олон хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн.
Ийм хол зайд барьчхаад “Бор тээг” гэдэг уурхайн аман дээр ашиглагддаггүй баяжуулах үйлдвэрийг өндөр өртөгтэйгөөр барьчихсан. Тэгээд конверыг барьж дуустал нэг их наядын үйлдвэр маань үр ашиггүй байна гэсэн үг.
10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол нөгөө 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд урт хугацаанд орох бололцоотой.
Энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байгаа юм. Ийм үрэлгэн замбараагүй байдал байсан. Одоо үүнийгээ холбохын тулд 280 тэрбум төгрөгөөр тийшээ конверын шугам барьж байгаа.
Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайг бүр мөсөн таслан зогсоож, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан.
Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн ордын “Бор тээг”-ийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын төсөлтэй хамт УИХ-д өргөн барьсан.
“Бор тээг”-ийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц 3 сарын өмнө УИХ-ын даргад нэр дэвшихгүй дарга маань сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн.
Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. Тухайн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нээлттэй сонсгол зохион байгуулж байсан.
Үүнтэй адил УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь Улсын Их хурлын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна.
Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой учраас Монгол улсын ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо.








