
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Доналд Трамп Жүниорын охин 18 настай Кай Трамп хувцасны шинэ брэндтэй болж байгаагаа өөрийн Instagram хуудсаараа дамжуулан зарлажээ.
Тэрээр шинэ хувцасны брэндийнхээ сурталчилгааны зураг авалтыг Цагаан ордны гадаа хийсэн байсан нь олны анхаарлыг татаад байна.
Түүнээс гадна Кай Трамп өнгөрсөн баасан гарагт өвөөгийнхөө хамт Нью Йорк хотод болсон Ryder Cup гольфийн тэмцээнд хүрэлцэн очихдоо шинэ брэндийнхээ цамцыг өмссөн байжээ.
Кай Трампын 3 өнгөний сонголттойгоор худалдаалж буй цамцнууд нь тус бүр 130 ам.долларын үнэтэй ба хувцас загварын салбарын мэргэжилтнүүд Кай Трамп өвөөгийнхөө нэр алдрын ачаар олон сая ам.долларын ашиг олох өндөр магадлалтайг онцолжээ.
Кай Трампын аав Доналд Трамп Жүниор, авга ах Эрик Трамп нар мөн л аавынхаа албан тушаалын ачаар үл хөдлөх хөрөнгийн бизнесээ өргөжүүлээд байгаа ба Ерөнхийлөгч Д. Трампын Ойрх Дорнодод хийсэн айлчлалын үр дүнд Ойрх Дорнодын улс орнуудтай бизнесийн олон тооны ашигтай гэрээ хэлэлцээр байгуулжээ.
Эх сурвалж: CNN






