
“Фантастик” продакшны жүжигчин асан Э.Алдартай хамтран “Ai production”-ыг үүсгэн байгуулсан Ц.Ганзоригийг энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа.
Тэд “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино хийгээд буй. Монголын анхны science fiction төрлийн кино хийсэн түүнтэй нээлт хийхийн өмнөхөн нь ийн ярилцлаа.
-“Ai production”-ийг Фантастик продакшны жүжигчин Э.Алдартай нийлж байгуулсан гэв үү. Одоо Фантастик, Маск продакшны жүжигчин асангууд гэж яривал дээр ч юм уу?
-Э.Алдартай сэтгэл санаа нийлж, тайз дэлгэцийн гоё уран бүтээл хийхээр нэгдсэн. Энэ аравдугаар сарын 01-нд нээлтээ хийх гэж байна. Бид хоёр нэгдсэн, нийлсэн нь үнэн. Аливаа шинэ продакшн байгуулахаар өмнөх хамт олныг нь үгүйсгэдэг явдал гарах юм. Миний хувьд 20 жил Масктайгаа хамт байлаа. Ноднин хавраас Маскийн ах нартаа “Одоо би 40 гарчихлаа. Жигүүрээ дэлгэе дээ” гэж сайхан учирлаж хэлээд л гарсан.
-Нөгөө талд Фантастик продакшныг тарчихсан юм уу гэдэг асуулт гарч байх шиг. Танд мэдсэн зүйл бий юу?
–Продакшны уран бүтээлчид хувь хувьдаа юм хийж болдог шүү дээ. Э.Алдарт өөрийн гэсэн бодол санаагаа гүйцэлдүүлэх, өөрийгөө бас харуулах, хувь уран бүтээлээ хийх санаа толгойд нь явсан байх. Тиймээс “Ai production”-ыхаа найруулагчийг хийх боллоо. Бусад нарийн ширийнийг нь Э.Алдараас асуусан нь дээр байх. Бид хоёр тийм нарийн ширийн зүйл ярих завгүй байлаа. Явж, явж уран бүтээлээ л ярих юм байна шүү дээ.
-Бодож төлөвлөж явсан кино нь “Тэг цэг үйлдэл” байх нь. Бодвол найруулагчийн замнал хөөхөөр шийдэж л дээ?
-Өөртэй нь ярилцсан дээр байх. Ямартай ч ярилцлагыг далимдуулаад киноныхоо тухай ярихад “Тэг цэг үйлдэл” кино маань sci-fi /science fiction/ буюу шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын кино байгаа юм. Бид хоёр арай өөр өнцгөөс гаргах гэж оролдлоо. Сүүлийн үеийн кинонуудын зохиол их муу болсон. Гэтэл Э.Алдар “Ганзо би нэг ийм зохиол бичлээ” гээд бариад ирсэн. Уншаад шууд дуу алдсан. Тэгээд л дайраад орсон доо.


-Та сая киноны зохиолын тухай дурдлаа. Би хамгийн сүүлд зохиолтой кино гэвэл “Торгоны маань хээ”-г л үзсэн. Угаас мэргэжлийн зохиолч бичсэн юм билээ. Бусад нь үнэхээр тааруухан зохиолтой л санагддаг. Киночид зохиолоо яг мэргэжлийн хүнээр нь бичүүлээд авч болдоггүй юм уу?
-Энэ киноны зохиолыг Э.Алдар бичсэн. 200-хан өгүүлбэртэй өгүүллэгээс сэдэвлэсэн юм билээ. Муу зохиол гэж хэлэхгүй, сайн болсон. Дээрээс нь манай кино “B” продакшнтай хамтран Dolby Atmos дуугаралттайгаар гаргах боллоо шүү дээ. Мэргэжлийн зохиолчоос нь авч болно. Киночдыг тэгээсэй ч гэж хүсдэг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Х.МӨНХ-ЭРДЭНЭ
“МИНИЙ АМЬДРАЛД ЗАЛХУУРАЛ ГЭДЭГ ҮГ БАЙГААГҮЙ. ҮРГЭЛЖ ЭРЭЛ ХАЙГУУЛ ДУНД ӨРНӨДӨГ”
-Зохиолчийн тухай хариулт товчхон ийм байж таарлаа. Тэгвэл уран бүтээлчийнхээ хувьд хэр их эрэл хайгуул хийж байна?
-Хийлгүй яах вэ. Би анх инээдмийн кинонд тоглож эхлээд үргэлжлүүлээд хошин урлаг руу орсон байдаг. Өөрийн маань сонирхол буцаад кино уран бүтээл рүүгээ орох болж таарлаа. Кино тал дээр олон шилдэг найруулагч жүжигчидтэй ажиллаж, зургийн дарга хийсэн байна. Арын албанд гэсэн үг л дээ. Одоо жаахан урагш гаръя гэж бодох боллоо.
Хоёр жилийн өмнө Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтарч ажилласан кино маань дэлхийн олон улсаас шагнал авлаа. Манай улсын кино урлагийг дээд түвшинд харуулсан кино болсон гэж дүгнэж байгаа. Би уран бүтээлийн чанаруудад их анхаардаг. Долоо хоног зураг аваад сарын дотор гарч байгаа киног юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна.
Тиймээс IPTV-д орох киноны саналуудыг ерөнхийдөө хүлээж авдаггүй. Уран бүтээлч хүн урт наслахын тулд бүтээлээ дээд түвшинд л хийх ёстой. Хамтарч ажилласан уран бүтээлчид маань мэднэ байх, зургийн дарга хийхдээ ашигласан нэг объектоо давтдаггүй гэдгийг маань. Миний амьдралд залхуурал гэж байгаагүй. Үргэлж эрэл хайгуул л байсан.
-Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтарсан гэхээр “Чимээгүй хотын жолооч” байх нь. Театрт гараад хэдхэн хоногийн дараа буусан. Ашиг орлого олоогүй байх. Монголчууд артхаус төрлийн киног ойлгохгүй байна уу?
-Нийтээрээ гоё, сайхан кино. Үзэгчдийн хувьд удаан сууж юм үзэхийг хүсдэггүй юм шиг санагдсан. Маркетингийн хувьд ч яваагүй. Гэхдээ киноны чансааны хувьд Азидаа, Канадаас гээд шагналууд авсан. Надад ч их туршлага болсон. Гаднынхан манай улсын киног үзээд хүндэлж байгааг харах зүгээр л тасархай мэдрэмж төрсөн.
“ОВЖИН ОХИД КИНОНД АЦАН ГАГА ӨМСӨЖ ТОГЛОХДОО ҮНЭХЭЭР ИЧИЖ БАЙЛАА. БАНДААШИЙГ НЬ ӨГСӨН Д.ОЮУНТУУЛД ҮНЭХЭЭР ГОМДСОН”


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Х.МӨНХ-ЭРДЭНЭ
-Та түрүүн инээдмийн киноноос гараагаа эхэлсэн гэж ярилаа. Ж.Биндэр найруулагчийн “Овжин охид”, “Адтай дамшиг” кино байх аа? Адтай дамшгийг нь бараг хүмүүс мэддэггүй юм билээ.
-”Овжин охидын Сампилын дүрийг эхнийх нь гээд байдаг юм. Уг нь “Адтай дамшиг”-ийн гутлаа буруу харуулж өмсдөг цэргийн дүрээр эхэлж байлаа. Дараа жил нь “Овжин охид”-ийг хийсэн. Сампилийн дүр бол миний урлагт орсны, амжилттай яваагийн эхлэл байлаа. Энэ нэрээр ард түмэнд танигдаж, овоглогдож явна. Тэр үедээ бол муу л жүжиглэсэн. Найруулагч маань “КУДС-ийг яаж төгссөн юм бэ” гэж загнаж байв. Тэгэхэд нь би улаан дипломтой төгссөн гээд хээв нэг хэлж байлаа шүү дээ. Тэгтэл “Улаан дипломтой хүн ингэж жүжиглэдэггүй юм” гээд л бангадуулах жишээний. Түүнээс хойш олон зүйлийн ахиц дэвшил гарчээ.
-Сампилын дүрийн хөгжүүлэлт их хөөрхөн санагддаг. Каск өмсчихсөн Сампил өөрийгөө үл үзэгдэгч болчихсон гэж бодоод “бенз” бандааштай явдаг хэсэг дээр олон хүн инээдэг байх шүү?
-Тэрийг би үнэхээр ичиж хийсэн. Планыг нь томруулаад харвал яг тэр ацан гагатай зогсож байгаа хэсэг дээр миний нүүр жинхэнээсээ час улайчихсан байдаг. Яг тэр зураг авалтын урд өдөр мисс Лянхуа, Сараа, Оюунтуул нарыг найруулагч дуудаж оруулж ирээд “Та нарын өнөөх өмсдөг утас шиг юм байна уу. Маргаашийн зураг авалтад энэ нөхөрт өмсгөнө” гэтэл Туул “Байгаа байгаа. Янз янзаараа л байгаа шүү найруулагч аа” гэсэн. Би ёстой үхтэл гомдсон. Тэгээд л Оюунтуулаас тэр ацан бандаашийг авч өмсөж байлаа. Хөдөөгийнхөн морьтойгоо ирээд тойроод зогсчихсон хараад л. Яг тэр үед би ямар үйл лайгаараа жүжигчин болов оо гэж бодсон удаатай.
-Сампилын дүр чинь мангардуухан, гэнэн итгэмтгий дүр шүү дээ. Атал та нэгэн ярилцлагадаа хувь хүний хувьд адилхан гэсэн байсан?
-Зан төрхийн хувьд төстэй байсан байх. Нэг их айхтар дүрийн судалгаа ч хийгээгүй. Яг л өөрийн байгаагаараа тоглосон. Ичимхий, задраагүй, унаган байгалиараа үе маань байлаа шүү дээ.
“УЛАМ ИХ УРАГШИЛНА Л ГЭЖ БОДОХ ЮМ ДАА”


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Х.МӨНХ-ЭРДЭНЭ
-Сампилын дүрээр гарч ирсэн тэр цагийг өнөөтэй харьцуулбал юу өөрчлөгдөв?
-Жин их нэмсэн байсан ч буцаад бие бялдартаа анхаарч эхэлсэн. Бүүр фитнесийн тэмцээнд оролцсон. Бие бялдрын хувьд өөрчлөгдсөнөөс хойш маш олон киноны санал ирсэн. Хүний нүүр царай хүртэл өөрчлөгддөг юм билээ. Маш олон эсрэг дүрийн санал ирсэн л дээ. Цаг хугацааны хувьд, зохиолын хувьд ч таалагдаагүй учраас хэд хэдэн киноноос татгалзсан. Сахал үс ургаад бие бялдар өөрчлөгдсөнөөс хойш Netflix-ийн киноны пробонд орсон ч тэнцээгүй. Гэхдээ л бас өөрийгөө голохгүй улам их урагшилна л гэж бодох юм.
-Сахал үс гэснээс та бөө байх аа. Хэр их бөөлж байна. Онгод тэнгэрээ дуудаж байна уу?
-Бөө болоод хорин жил болж байна. Зуны цагаар л үр хүүхдээ хөдөө гадаа явуулахдаа, уул хангайгаас энергиэ авч байна. Бөөлдөг байсан Дэнжийн мянгын байшин маань газарт орчихсон. Онгод авсан эхний 10 жил түмний төлөө, хүний зовлонтой ноцолдож, жүжигчин гэдгээ марттал явлаа. Тэгэх ч ёстой юм чинь. Тэрнээс хойш үр хүүхэд өөрийнхөө төлөө анхаарал хандуулж эхэлсэн. 40 гаран жилийн хугацаанд яасан ч их юм хийгээ вэ хэмээн бодогдож байна.
“БӨӨ ХЭНГЭРГЭ БАРИАД МӨНГӨ ДУУДДАГ ХҮН БИШ. АЖИЛ ХИЙ”


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Х.МӨНХ-ЭРДЭНЭ
-10 жил олон түмний сайн сайхны төлөө бөөллөө гэнэ. Олон янзын ааш аяг зовлон, жаргалтай хүмүүстэй таарна биз?
-Жаргасан хүн ирээгүй дээ. Нулимс дүүрэн зовлонтой яваа хүмүүс л ирсэн. Зарим хүмүүс нь харин жаргаж яваагаа зовлонтой андуурчихсан явах тохиолдол байдаг. Хүмүүс заримдаа их сонин зүйл дээр зовоод байгаа юм шиг санагддаг. Зүгээр сууж байж л бөө дээр ирж мөнгө дуудуулна гэдэг юу гэсэн үг вэ. Жүжигчний хувьд ч гэсэн их судалгаа хийсэн дээ. Монголчуудад бэлэнчлэх сэтгэлгээ их. Ажиллахаа хойш тавьчихсан хүмүүс олон байдаг шиг санагдсан.
Бид нар чинь хэнгэргэ бариад мөнгө гаргаад ирдэг хүмүүс бас биш. Уул усандаа хайргүй хандсанаас болж ажил үйлс нь бүтдэггүй зүйл бол байна.
Хээр хөдөө аялж зугаалж явахдаа дайруулсан дайрлагаас болж уруудсан тохиолдол бий. Үүнийг засаж болно. Залхуурлыг харин хүн өөрөө засах хэрэгтэй.
Мөн бөөлсөн 10 жилийн хугацаанд үр хүүхэдгүй олон айлд тус хүргэлээ. Үр шилжүүлэн суулгаад байгаа хэр нь болдоггүй хүмүүс байна. Гэтэл бүх зүйлийн учир шалтгааныг тайлж чадвал боломжгүй зүйл бас үгүй. Учир шалтгааныг л шалгуулах ёстой.
-Нөгөө Сампил маань бөө болчихсон гэхээр ердөөсөө наалдахгүй байх шиг. Ер нь өөрийгөө ийм гэдгийг мэдэж байв уу?
-Яаж наалдах юм бэ. Хүмүүс ч тэгж хардаг байлаа. Багаасаа бие муутай, унаж татдаг, хий юм хардаг хүүхэд байсан. Тэрийгээ би өөрөө зөнгөөрөө мэддэг байлаа. Аав ээж балайраад бай гэдэг үгтэй. Том болоод мөн унаж татаад яваад байсан юм. Харин сүүлд нэг сайн зүгийн багш таараад онгод тэнгэрээ аваад зүгээр болсон.
“ОНЛАЙН ДЭЛГҮҮР БАЙЖ БОЛНО. ОНЛАЙН БӨӨ, ЛАМ БАЙЖ БОЛОХГҮЙ”
.jpg)
-Би бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ онгод аваад бие зүгээр болчихно гэхээр бас их гайхдаг. Нэг учир бий байх. Харин зарим бөө нарыг огт ойлгодоггүй. Хөвсгөлд хоёр настай хүүхдийн хэрэг гарахад олоод өгье таван сая төгрөг өгчих гэсэн ч гэх шиг?
-Хувь хүнээсээ шалтгаалж байгаа юм. Үзэж харж байгаа хүнд мөнгө хэрэгтэй болсон болоод зовсон хүний зовлонгоор түүнээ нөхөх гэж байна гэж ойлгодог. Мөнгөний төлөө биш цэвэр хүний төлөө бөө өчнөөн байгаа шүү дээ. Энэ мэтийг ярихаар чиний үзэж хардаг гэж юу байдаг юм гэлцдэг. Яг үнэндээ онлайнаар үзэж харж байгаад ч би эсрэг байр суурьтай хүн. Онлайн дэлгүүр байж болох ч онлайн бөө байж болохгүй. Хүнийхээ нүдийг харж байж мэддэг юм. Миний онгод тийм хогийн шуналтай биш.
Хоёр настай хүүхдийн асуудалд хүний хувьд, бөөгийн хувьд эмзэглэл бий. Бөө хүнд орох юм гэж байна, Орохгүй зүйл гэж байна. Харин бөө нар тэр олон эрэл хайгуулчдын ажилд садаа болж болохгүй л байхгүй юу. Тэрний оронд очоод хайлц л даа. Энэ чинь хүн байх утга учир биз дээ.
Дээрээс нь манай нийгэм өөрөө асар сэтгэл зүйн тэнхээгүй, хэлбэлзэлтэй болчихож. Нэгэндээ атаархаж, жөтөөрхдөг байдал нь илүү давамгай болчихсон юм болов уу. Нийгэм маань сэтгэл санааны болон оюун санааны түгшүүрт автчихсан юм болов уу даа гэж боддог.


-Энэ харанхуйгаас гарах шийдэл нь юу байна?
-Амьд харилцаа.
Гэмт хэрэг хийсэн хүмүүс ч над дээр ирдэг байсан. Би бодохдоо тэр хүмүүс их ганцаардсан байсан юм болов уу. Яагаад ийм зүйл хийх болов гэж их бодно. Заримдаа би ч өөрөө ганцаардана шүү дээ. Гаднаасаа олон хүүхэдтэй сайхан яваа мэт харагдав ч үнэхээр ганцаардах үе бий. Тэр ганцаардал дунд хүнтэй юм ярья гэхээр болохгүй. Зөвхөн өөрөө өөрсдийгөө ярьдаг тийм хүмүүстэй учирчихна. Өөрийгөө л ярьдаг, өөрийгөө л болгодог тийм л болчихож.
Яг ийм нийгэмд хүний төлөө шаналдаг зүрх л хэрэгтэй. Цохилж байгаа бүлээн зүрхээ цэв цэвдэг, хүв хүйтэн болгочихгүй үлдчих юм сан даа л гэж бодох.
Амьд харилцаа л чухал.
Нэгнийхээ аз жаргалтай зүйл дээр ч чин сэтгэлээсээ баярлаж чадахаа байчихсан. Алдаж л байвал түүн дээр нь ялаа шиг шавдаг болсон байна. Гэхдээ хэн нэгнийг буруутгаагүй шүү. Алдаа гэвэл надад ч байна. Үр чинь үлдэх хорвоод зөв л явах хэрэгтэй гэж бодох нь дээр юм болов уу.
-Үр хүүхдийн тухайд та зургаан жаалтай байх аа? Зургаан хүүхэдтэй хүнд зав гарах уу? Олон төрлийн ажил зэрэг хийж байх шиг?
-Амжуулахгүй, хийхгүй л бол болохгүй шүү дээ. Би их муухай зантай хүн юм билээ. Нэг өдөр битгий хэл 30 минут ч гэртээ зүгээр сууж чадахаа байсан, яг үнэндээ. Эцэг эхээс сурсан заваан, адгуу зан ч гэх юм уу. Юм хийхгүй л бол ямар нэгэн зүйлээс хоцроод байгаа юм шиг санагдах болсон. Сүүлдээ бодоод эхнэртэйгээ ярилцсан. Ингэж хүүхдүүдийнхээ урдуур орж хамаг юмыг нь хийсээр байгаад ирээдүйд тэдний хийж байгаа зүйл таалагдахаа байх вий гэж санаа зовдог болсон. Гэхдээ ийм зүйлийг үлгэр дуурайл болгож байгаа нь илүү чухал л даа. Одоо харин том болж буй хүүхдүүд “Аав та арай л их ажиллаад байна уу” гэж асуудаг болж. Сайхан л санагддаг юм билээ.
“АЛИМ МОДНООСОО ХОЛ УНАДАГГҮЙ ГЭДЭГ Л ҮНЭН”


-Түрүүн та эцэг эхээс сурсан адгуу зан гэлээ. Би хөдөлмөрч зан гэж ойлгов. Хүүхдийн хүмүүжлийн 90 хувьд эцэг эх бага нас нөлөөлдөг гэдэг. Тэгэхээр хөдөлмөрийг үлгэрлэж сураад, үлгэрлэж ойлгуулах гээд байх нь ээ?
-Мэдээж тийм. Аав ээжийн ажилч, хичээнгүй занг харж өссөн хүүхэд тийм л болно биз дээ. Манай аав ээж тийм л хүмүүс байж. Гэхдээ нэг бодлын өөрөө заавал хийж байж санаа амардаг энэ байдал маань жаахан тээртэй.
Ажилгүй л байвал хэцүү, тухгүй тийм л мэдрэмжээс салалгүй дөч гаран жил болсон байна шүү дээ.
-Ер нь 40 гаран нас хүнийг их ухаан суулгах уу?
-”Дөч гарсан эр, дөрвөө дарсан ат” гэдэг чинь их л утга учиртай юм билээ. Эр хүн гомдоод, алдаад, хулхидуулаад, баярлаад үзчихдэг нас. Амьдралын унаа, босоо дундаас хүүхдүүдээ өсгөж том болгоод явахад сэтгэл гутралыг хүртэл үзнэ, тийм үү?
Тэр олон алдаа онооноос ухаараад, төлөвшөөд ирэхээр бодол санаа хүртэл цэгцэрчихдэг.


-Энэ нас магадгүй өөрийн аав ээж ээ ойлгоход хүргэдэг байх тийм үү?
-Сонин, тэгдэг юм билээ. Надад ямар анхаарал халамж тавьдаг байсан түүнээ үр хүүхдэдээ тавиад ирэхээр, намайг өсгөхөд ямар асуудлууд тулгарсан түүнийг өөрийн үр хүүхдээсээ мэдрээд ирэхээр ойлгодог л юм билээ.
Гэхдээ би нэг тийм эрх хүн шиг байгаа юм. Заримдаа завгүй амьдралын шуурган дунд хөөрхий муу ээж минь залгаад “ирэхгүй байна” гэж гомдоллоход нь би гомдож байх жишээний. Яагаад гэвэл: намайг ойлгохгүй байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Гэхдээ сая чамайг асуухаар саналаа. Ойрд ээж дээрээ очоогүй юм байна. Түрүүнд ярихдаа сайхан цуйван хийгээд, үхрийн мах чаначихаарай гэж хэлсэн маань бодогдлоо. Зүгээр л тэр нэг хоолыг, халуун дулаан уур амьсгалыг мэдрэх сайхан.
Одоо харин нэг зүйл бодож байгаа нь алим модноосоо хол унахгүй гэдэг үг үнэн л юм байна. Өөрийгөө анзаараад байхад орхичихож болох зүйл дээр ч гэсэн хэт шударга хандаад байх шиг санагддаг. Уг нь дуугарахгүй бол болохгүй л дээ. Гэтэл тэр байдлаа хүүхдээсээ олж харлаа.
Долоодугаар ангийн хүү маань тиймэрхүү дуугүй байдаггүй, шударга хүн болж байх шиг. Гэтэл буцаад эцэг хүний хувьд санаа зовж эхэлдэг юм байна. Ганцаардах вий, гадуурхагдах вий гэж санаа зовох юм. Яг үнэндээ хүмүүс үнэнийг сонсох их дургүй. Шударга байх зөв ч гэлээ, хамт олонгүй, найз нөхөдгүй болгочихдог шиг санагддаг. Тэгээд би хүүдээ “түүнийг бодолцож байгаарай” гээд хэлтэл “Яагаад шударга бай гэчихээд шударга байхаар боль гээд байгаа юм” гэж асуухад нь л би унасан. Нэг л асуултад унасан. Яг энэ асуултад.
-Логикийн хувьд нээрээ л алдаатай байна уу даа?
-Одоо мэдэх юмгүй болсон. Би юу хэлэх юм бэ. Хүмүүс нүүрэн дээр инээчихээд араар муулдаг, дургүйлхдэг л байхгүй юу. Тэрийг ойлгуулах гэсэн өөрөө мухардчихсан. Эцэст нь хүн хувь тавилангаараа л болох байх.
Үнэхээр шударгаар алдвал алдаад, оновол оноод л явна байх. Эцэг хүний хувьд алдаа нь бага байгаасай л гэж залбирах. Тийм л хүн болж хувирдаг юм байна даа.
-Ярилцсанд баярлалаа.







bas neg eoeotoi gar iim t1 yum mgl d bdag bhdaa