
Парис хотын шүүхээс Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигаас авсан мөнгөөр хууль бусаар санхүүжүүлсэн хэрэгт буруутай гэж үзэн, 5 жилийн хорих ял оноожээ.
Н.Саркози шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргасан ч тэрээр хорих ялаа шоронд эдэлнэ гэдгийг шүүгч онцлон заажээ.
Шүүгчийн мэдэгдсэнээр Францын Ерөнхийлөгч асан тэрээр сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх зорилгоор өөрийн туслахууддаа Ливийн албан тушаалтнуудтай холбогдохыг зөвшөөрч, М.Каддафигаас мөнгө авсныхаа хариуд Ливийн удирдагчийн нэр хүндийг өсгөнө гэж амлажээ.
Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хүү Саиф аль Ислам Н.Саркозийг сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх зорилгоор ааваас нь олон сая ам.доллар авсан гэж буруутгаснаас хойш хоёр жилийн дараа буюу 2013 онд уг хэргийг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлжээ.
2014 онд Ливаны бизнесмен Зиад Такиеддин Н.Саркозигийн сонгуулийн кампанит ажлыг Триполи санхүүжүүлж байсныг нотлох захидлууд түүнд байгаа тухай мөн Н.Саркози Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ч Ливийн эрх баригчдаас 50 сая евро авсан тухай мэдэгдсэн юм.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Саркози хэд хэдэн хэргээр яллагдагчаар татагдсан ба шүүхээс түүнийг 2012 оны сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтийг хэтрүүлж, түүнийгээ нуун дарагдуулахыг оролдсон хэрэгт буруутайг тогтоосон юм.
2021 онд түүнийг шүүгчид авлига хээл хахууль өгөхийг оролдсон хэрэгт буруутайг тогтоосон ба давж заалдах шатны шүүхээс Н.Саркозид оноосон хорих ялыг өөрчлөн хорих ялаа цахим бугуйвч зүүж, гэрийн хорионд өнгөрүүлэхийг нь зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: BBC






