
Сурагчийн ширээнээс оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залуусын хувьд шинэ орчинд хурдан дасан зохицох, суралцах арга барилаа олох, ирээдүйн зорилгоо тодорхойлох нь амаргүй бөгөөд олон асуулт, эргэлзээ дагуулдаг.
ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусын хөгжлийг дэмжих, шинэ орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оноос хэрэгжүүлж ирсэн “RISE” оюутны хөгжлийн хөтөлбөрийг энэ жил үндэсний хөтөлбөрийн хэмжээнд хүрээг нь тэлж, Дорнод аймагт зохион байгуулж байна.
2025 оны 9-р сарын 17-ны өдөр Чойбалсан хотын Хөгжимт драмын театрт нээлтээ хийсэн тус арга хэмжээнд Дорнод аймгийн их, дээд сургууль, коллежийн 400 орчим оюутан оролцож байгаа бөгөөд энэ жилийн хөтөлбөрийг “ЦойлогсоZ” залуусын нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж буйгаараа онцлогтой.


Арга хэмжээний үеэр оюутнуудад зориулсан хувь хүний хөгжил, санхүү, карьер төлөвлөлт, амжилттай суралцах тухай илтгэл танилцуулгыг хүргэхийн зэрэгцээ зочин илтгэгчдийн бодит туршлагаас суралцах, сонирхолтой чалленж уралдаанд оролцох, шинэ найз нөхөдтэй болох боломжийг бүрдүүлсэн юм. Мөн зөвхөн оюутнуудад зориулсан, шимтгэлгүй, данс хөтөлсний хураамжгүй, байнгын болон онцгой хугацааны урамшуулалтай К карт болон гүйлгээний шимтгэлгүй Digi Pay аппликэйшний талаар ХААН Банкны ажилтнууд танилцуулж ажиллалаа.


Боловсролыг дэмжигч ХААН Банк “RISE” оюутны хөгжлийн үндэсний хөтөлбөрөөс гадна Монголын хүүхэд, залуусын мэдлэг боловсрол, өсөлт хөгжилд тууштай хөрөнгө оруулалт хийж ирсэн билээ. Тухайлбал, 19 дэх жилдээ тасралтгүй хэрэгжиж буй ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын өнцөг булан бүрээс 2360 оюутан хамрагдсан бол НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” төслийн хүрээнд дөрвөн аймагт бага сургууль барьж өгөхөөр томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн ХААН Банк сангаараа дамжуулан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхны төлөө нийт 520 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 16 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд буй.












