
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи гэгдэж буй Рагаса хар салхины улмаас Тайванийн Хуалянь мужид байрлах нуур эргээсээ хальж, Гуаньфу хотыг үерт автуулж, багадаа 14 хүн үер усны гамшгаас болж амь үрэгджээ. Хонконгийн удирдлагууд хар салхины аюулын хамгийн өндөр түвшин зарлаж, иргэдийг цаг агаарын уг аюултай үзэгдэл өнгөртөл гэрээсээ гарахгүй байх, цонх, хаалганаас хол байхыг анхааруулжээ.
Рагаса хар салхины улмаас Хонконгийн эрэг дагуу далайн давалгаа 2-3 м, зарим газраа 5 м өндөрт ч хүрэх эрсдэлтэй байгаа аж.
Энэ лхагва гарагт Рагаса хар салхи Хятадын Гуандун мужаар дайран өнгөрөх ба үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид 370 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Хонконг болон Хятадын зарим хотуудад цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор сургуулиуд хаалгаа бариад байгаа ба Хонконгт супермаркетуудын лангуу хоосорч, олон зуун нислэг цуцлагджээ.






