
“Цагаан хад” нүүрс тээврийн том тэрэгнүүд зогсоо зайгүй холхилдож, тоос шороо бужигнан тусдаа гэмээр амьдрал өрнөж байдаг газар. Энд жолооч нар машиндаа амьдарч, гэрээсээ олон сар хол, гэргийн хоолыг амсахыг тэмүүлэн суудаг орчин. Эрчүүдийн ажил гэмээр том тээврийн жолоочийн ажлыг эмэгтэйчүүд ч хийдэг болсон аж.
Өрөг.мн сурвалжлах баг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Цагаан хад” хэмээх газар очиж сурвалжилга бэлтгэхэд машинаасаа түр буухын аргагүй тоос, удаан болгоомжтой явахгүй бол урдах зам нь ч үл харагдах орчин угтаж авав.

Энэ газар амьдралаа босгож яваа тээврийн жолооч Г.Отгонжаргал хэмээх бүсгүйтэй эхний зогсоолоос дараагийн зогсоол хооронд ярилцлаа. Хэсэгхэн газар атал хотойж, гүдийж, хонхойж орсон зам хойш яваад байна уу, урагш яваад байна уу гэтэл замаас хорооно. Айхтар халуун үеийг нь бодвол намрын налгар өдөр очсон тулдаа хөлсөндөө дарагдсангүй. Халуун байсан ч агаар шүүгчээ асаалгүй түлшээ гамнадаг гэнэ лээ. Учир нь тэдний бүх зүйл хязгаартай.
Коронагийн цар тахлын үеэр цалин өндөр байхад ихэнх хүмүүс энд амьдрал бий гэж том машин худалдаж аваад цугларч. Гэтэл цаг өөр болж цалин нь багасаж, цаашид ажилтай байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байгаа аж.


Ийнхүү тоосон дунд тодхон инээмсэглэлээрээ биднийг угтсан Г.Отгонжаргалын туулж буй амьдрал, тэнд буй тэмүүллийнх нь талаар яриаг хүлээн авна уу.
Би өмнө нь уурхайд тогооч хийдэг байсан. Цалин хаанаа ч хүрэхгүй. Тэгээд том тэрэгний жолооч болохоор зорин ирсэн. Анх наашаа явъя гэхэд ах минь “Тэр газар чинь эмэгтэйчүүдийг хүн гэж тоодоггүй юм. Үхэх чинь дутаа юу” гэж хэлж байсан юм. Харин би өөдөөс нь “Үхэхээ тулбал уурхайд ч, энд ч үхнэ” гэж хэлээд амаа ар дээрээ гартал алгадуулж билээ. Гэхдээ эцэст нь энд ирчихсэн амьдрахын тулд ажлаа хийгээд л явж байна. Заяаныхаа ханиа ч олж, зөв бурууг нь мэдэхгүй ч энэ жимээр алхаж явна.
Жолоочийн ажлыг хүмүүс амархан гэж боддог. Гэхдээ тийм биш шүү. Байнга машин дотроо, хонхор замаар дэгэн догон явахдаа бөөр, саваа доргиох асуудал их. Дээрээс нь гэрээсээ хол олон сараар явахаар ямар л олиг байв гэж дээ. Хэд гурван төгрөг олохын тулд хүүхдүүдээсээ хол нөхөр бид хоёул энд ажилладаг. Хичээлийн шинэ жил эхлээд ээж, аавууд хүүхэдтэйгээ авхуулсан зургаа цахим орчинд нийтлээд хамтдаа жаргалтай байхад бид тусдаа.
Тэрээр ингэж хэлэхдээ гэрэлтэж байсан нүдэнд нь хормын дотор нулимс цийлгэнэж сэтгэлээ онгойтол хэсэг уйлсан юм. Халтар ханцуйгаараа хацраа арчихдаа эргээд л инээд алдах энэ бүсгүйгээс хүчирхэг эмэгтэй гэдэг үгийн утгыг ойлгомоор. Түүний хувьд цаг, мөч, хором бүхэн үнэ цэнтэй аж.


- Таны хувьд гэр бүл нэгт үү, ажил нэгт үү?
Гэр бүлийнхээ төлөө энд явж байна гэхээр одоогоор ажил нэгт байх шиг байна. Ямартай ч чадахаараа энд мөнгөө цуглуулж байгаад хүүхдүүдээ хүссэн сургуульд нь асуудалгүй явуулаад ханьтайгаа жижигхэн хүнсний дэлгүүр нээчхээд сууж баймаар байна.


Энд болдог хэдэн асуудлыг хөндөж яръя.
Нэгдүгээрт: Бидний тээвэр хийдэг зам хонхор, хотгортой эвдэрхий. Хэзээ янзлахыг нь үл мэднэ. Уг нь шинэ зам барих гээд сууриа тавьчихсан байгаа юм. Энэ ч мөдгүй байхаа даа. Богино замд тээвэр хийдэг жолоочид арай гайгүй. Харин уртын, уртын урт замд явдаг жолооч нар хэцүү шүү дээ. Болгоомжтой явахгүй бол яаж ч магадгүй. Эрсдэл өндөр.
Хоёрдугаарт: Энд амьдрах орчин хязгаарлагдмал. Бөөн тоосон дунд. Манайхан чинь эндээс халтайсан юм яваад хил даваад л гялганаж, гялтганасан хүмүүс гарч ирнэ шүү дээ. Заримдаа хятадуудад баярлаж байгаа юм чинь. Ядаж л нойл нь тусдаа, цэвэрхэн. Монгол хүн, монгол хүнээ хайрлах сэтгэл хомс болсон. Ийм олон хүн ажиллаж амьдарч байхад орчинд нь анхаарах хэрэгтэй биз дээ. Гэхдээ тайван зогсоол гэж газар байдаг юм. Тэнд гэр бүлийнхнээ авчраад хэсэг ч болтугай хамт байж болдог нь сайхан юм даа.
Гуравдугаарт: Байгаль орчны яамнаас шалгалт ирэх гэхээр тоос бужигнуулахгүй гээд бүгдийг нь машинаас нь гаргахгүй суулгачихдаг. Агаар шүүгчээ асаах боломжгүй. Цаанаас нь хязгаартай түлш өгдөг учраас халууцсан ч, даарсан ч хэмнэлтийн горимтой байдаг. Уг нь тэрийг нь ч бас тооцож түлшээ өгдөг болчихвол сайхан.
Ер нь энд хүн бүр амьдрахын төлөө явж байгаа. Бэлгийн замын халдварт өвчин тээвэрчдээс их гарсан гэдэг мэдээг уншаад их гайхсан. Энд тэгж явах зав битгий хэл хүч тэнхээ олддоггүй юм. Хүүхэн ч олдохгүй. Өмнө нь тийм зүйл байдаг байсан гэж ярьдаг ч одоо хэд, гуравхан төгрөгөө тийм зүйлд үрэх хүн олдохгүй. Би лав тийм зүйл харж байгаагүй. Тиймээс амьдралын төлөө тэмцэж байгаа халтайсан нөхрүүдээ битгий хардаж, сэтгэлийг нь бусниулж байгаарай.


- Та их зоригтой юм аа?
Энд зоригтой байхгүй бол болохгүй шүү дээ. Эрхлэх нөхөр минь энд байвч уулзалдах зав хомс. Хүүхдүүд минь хүртэл хурдан ирээрэй, санаж байна гэхээсээ илүүтэйгээр болгоомжтой байгаарай гэж хэлдэг. Сайхан амьдрахын тулд хэсэг бартаатай замаар явж байна л гэж боддог.
Ингээд Г.Отгонжаргал машинаа өөр хүнд хүлээлгэж өгөөд цааш явав. Инээд цалгиасан энэ эмэгтэйн аялал энэ хүрээд дуусахгүй нь бололтой.






