
Жирэмсэн байхдаа парацетамол хэрэглэх нь аутизм үүсгэдэг хэмээн мэдэгджээ
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннедитэй хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр парацетамолын найрлагатай, өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй Tylenol эмийг жирэмсэн байхдаа хэрэглэх нь аутизм үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээн мэдэгджээ. Тэрбээр, “Тайленол уух нь сайнгүй гэдгийг хэлье. Ийм учраас эрүүл мэндийн удирдлагууд шаардлагагүй л бол жирэмсэн эмэгтэйчүүдэд тайленолын хэрэглээг хязгаарлахыг хатуу зөвлөдөг” гэжээ.
Эрдэмтэд судлаачид парацетамолыг жирэмсэн үед хэрэглэж болох хамгийн аюулгүй, гаж нөлөө багатай өвдөлт намдаах эмд тооцдог бол Tylenol эмийг үйлдвэрлэгч Kenvue компани Америкийн эрх баригчдын гаргасан мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Компанийн зүгээс, “Бие даасан, хараат бус шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүдийн үр дүнгээс ацетаминофен (парацетамол) нь аутизм үүсгэдэггүй болох нь маш тодорхой харагдаж байгаа. Эрх баригчдын уг мэдэгдлээс болж эхчүүдийн эрүүл мэндэд эрсдэл үүсэхвий гэдэгт бид маш их сэтгэл зовниж байна” хэмээн онцолжээ.
Өнгөрсөн 4-р сард Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди аутизм үүсэх шалтгааныг тогтоох зорилготой судалгаа шинжилгээний хөтөлбөрийг зарласан юм. Сүүлийн хэдэн арван жилийн турш аутизмыг судалж ирсэн мэргэжилтнүүд аутизм нь дан ганц шалтгаанаас болж үүсэхгүй харин удамшлын болон гадна орчны гээд нийлмэл олон шалтгаанаас болж үүсдэг болохыг тогтоосон билээ. Өнгөрсөн 8-р сард Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас гаргасан тайландаа жирэмсэн байхдаа парацетамол хэрэглэж байсан ээжүүдээс гарсан хүүхдүүд нь аутизм болон мэдрэлийн гаралтай бусад өвчин эмгэгтэй төрөх өндөр эрсдэлтэй байж болзошгүй талаар тусгасан ч парацетамол нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өвдөлтийг намдаах, халууныг бууруулахад хэрэглэх чухал үүрэгтэй эм гэдгийг онцолжээ.
Тэгвэл Даремын их сургуулийн профессор Моник Бота тайленол нь аутизм үүсгэдэг гэсэн шинжлэх ухааны шинжилгээ судалгаанд үндэслэсэн найдвартай баримт нотолгоо одоог хүртэл байхгүй байгааг дурджээ. Их Британийн Үндэсний эрүүл мэндийг хамгаалах албаны зөвлөмжөөр 500 мг-тай парацетамол шахмал эмийг нэг удаадаа дээд тал нь 1-2 ширхгийг, өдөрт дээд тал нь 4 удаа, 24 цагт 8 ширхгээс ихгүй (4000 мг) шахмалыг уухыг зөвлөдөг аж. Парацетамолын тунг хэтрүүлэх нь элгийг гэмтээж, элэгний үйл ажиллагаа доголдоход хүргэдэг ба энэ нь биед орсон парацетамол эмийн 5 орчим хувь нь бензохинонимин нэртэй хортой бодис болж хувирдагтай холбоотой юм байна.
Эх сурвалж: BBC.com






