
Тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган болгох хэрэгтэй хэмээн ахмадууд төрийн ордны гадна жагсаж буй. Харин өчигдрөөс эхлэн тус ахмадууд өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор тэдэн дээр очиж жагсаалын үйл явц, зорилго, дараагийн алхмуудын талаар тодрууллаа.
Бидний авдаг мөнгө 680 мянган төгрөг. Гэтэл өдөр бүр юмны үнэ өсөөд байгаа хэр нь тэтгэвэр нь нэмэгдэхгүй байна. Ядаж өөртөө биш юм аа гэхэд ач, зээ нартаа амттай юмыг нь аваад өгөх боломжгүй үе ч бас байх юм.
Амьдрах таатай орчныг нь бүрдүүлж өгөөгүй байж ядаж түүнээс үүдсэн өвчнөө эмчлүүлэх гэхээр бөөн зардал, тодорхойгүй нөхцөл байдал үүсдэг. Ер нь Монгол Улсад 680 мянган төгрөгөөр нэг сар амьдрахад хүрэлцдэггүй гэдгийг бүгд мэднэ. Тэгээд яагаад хариу арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?
1950-1960 онынхон нас барж байж улс орон цэгцэрнэ гэх юм. Бид чинь хийдгээ хийж, бүтээн байгуулалтад оролцож явсан хүмүүс. Та нарын сонгосон нам гэх юм. Энэ асуудлыг бид улс төржүүлмээргүй байна. Бодит байдал хэцүү байгааг хэн хүнгүй л ойлгож байна. Тэглээ гээд бид байгаа мөнгөнд нь тааруулаад амьдарч чадахгүй.
Тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянга болгох бүрэн боломжтой гэж бодож байна. Одоо бид энд чимээгүй суулт хийж өөрсдийнхөө төлөө дуугарснаар цаашид ч тэтгэвэр авах хүмүүст тус болох болов уу гэж бодож байна. Залуучууд бүгд л тэтгэвэрт гарна. Тэр үед үнийн хөөргөдөл бүр л их болно. Тэгээд ийм тэтгэвэр аваад байж байвал хэцүү биз дээ. Тиймээс зөвхөн өөрсдийнхөө төлөө биш бүх хүмүүсийн төлөө энд сууж байна гэж бодож байна.
Бид өлсгөлөн зарлах гэсэн боловч Сүхбаатар дүүргээс зөвшөөрөл өгөхгүй байна. Уг нь нойтон өлсгөлөн зарлана гэж байгаа юм шүү дээ. Хэн ч ийм амь насаа эрсдэлд оруулсан үйлдэл хийгээд суухыг хүсэхгүй. Гэхдээ энэнээс өөр арга байхгүй юм бол бид хийхдээ л хийнэ. Үнийн хөөрөгдлөө зохицуулж чадахгүй энийг нь хянадаг хууль гэж байхгүй, яагаад биднийг ойлгохгүй байгаа юм бэ?
Бид тэтгэврээ нэмүүлэх эрхтэй хүмүүс.
