Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Боловсролын сайд П.Наранбаяр багшийн 45 хоногийн сургалттай холбоотой асуудлаар Улсын дээд шүүх дээр заргалдаж, ялсан байна.
Тодруулбал, өмгөөлөгч Э.Чулуунцэцэг 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр 45 хоногийн дамжаагаар багшлах эрх олгохтой холбоотой шийдвэрийг эсэргүүцэж, нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан хэлэлцэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх анхан шатны журмаар хэлэлцэж, Боловсролын сайдыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Шүүхээс журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгаж, эс бөгөөс бүхэлд нь хүчингүй болохоор шийдвэрлэж байжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа “Багшийн хомсдлыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг богино хугацааны сургалтад хамруулан олгох тухай судалж байна” гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, есдүгээр сарын 12-нд эцэслэн баталсан. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой болж гэдэг тайлбарыг өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, багшлах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэр гаргаад байсан билээ.
Тус журамд зааснаар:
- Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн,
- Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшлах эрх олгох сургалтад хамрагдах боломжтой.
Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна гэж заасан байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна.






