
Улирал солигдох үед хүмүүс хооллолтдоо хэрхэн анхаарвал зохиолтой вэ гэдгийг Манба Дацан нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Ж.Гончигдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Үхрийн мах ялангуяа хайнагийн мах тэгш чадалтай, хийд хорлолгүй бадган шарын өвчинд бас хорлолгүй. Харин хонины мах хий дардаг ч удаан хугацаанд хэрэглэхэд цөс, нойр булчирхай, элэгний өөрчлөлттэй хүмүүст тохиромжгүй. Хонины махыг ялангуяа намрын улиралд хэрэглэх нь өөрөө эрсдэлтэй. Нойр булчирхайгаа үрэвсүүлэх, цөсний элдэв хангайн өвчлөл сэдрэх эрсдэлтэй. Тиймээс намрын улиралд сэрүүн чанарын мах хэрэглэвэл зөв.
Тодруулан хэлбэл ямаа, тахиа, загасны мах хоол хүнсэндээ илүү ашиглах нь тохиромжтой. Ер нь бол намрын улиралд бодисын солилцоо хэт их алдагдах хорхог, боодог, айраг архи зэрэг бүтээгдэхүүнүүдийг манай монголчууд их хэрэглэдэг.
Харин хавар шим тэжээл сайтай, шингэхэд хялбар хоол хүнс иднэ. Тодруулбал вандуй, буурцаг, будаа, жил өнжсөн мах буюу одоо борц тохиромжтой. Ядаргаанаасаа хамаараад хонины махаа зохимжит хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Уламжлалт анагаах ухаанд намрын улиралд цөсөө сайхан угаагаад туулгахыг зөвлөдөг. Энэ нь бодисын солилцооны алдагдлыг засах ерөндөг. Үүнтэйгээ уялдуулаад намрын улиралд шарсан, хуурсан, хайрсан хоол хүнсийг хэрэглэх нь тохиромжгүй юм. Ходоодны галын илчтэй уялдуулаад шингэхэд хялбар шим тэжээлтэй үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэх нь зөв юм аа гэдэг ерөнхий мэдээллийг бол өгмөөр байна” гэсэн юм.






