
Монгол Улсын үндсэн хуулинд заасанчлан монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, суралцах, аж төрөх эрх нь бүрэн бий.
Бидний амьдарч буй орчин нөхцөл эрүүл, аюулгүй, стрессгүй, нэг тийм гоё эерэг гэгээлэг байхыг бүх л хүн хүснэ. Иймээс ч бид ажил алба эрхэлсэн, хувийн бизнесээ хийж байгаа ч улсдаа олсон орлогоосоо татвар хөлсөө төлдөг. Харин эргээд бидний төлсөн татвар хэрхэн, юунд, хаана, яаж, ямар шугамаар зарцуулагдаж буйг хянах, ажих эрх нь бүрэн байгаа.
Гэтэл нүдэнд харагдаж, гарт баригдахаар бидний төлсөн татвар хаашаа, ямар шугамаар явдаг вэ?
Өдөр бүр л бид төсвийн “мөнгө уйлдаггүй” гэж ирээд л ам уралдан ярьцгаадаг. Гэвч төсвийн мөнгөний сэтгэлгүй, хүнлэг бус зарцуулалт “Спортын салбар”-ыг ч мөн тойрдоггүй, дайраад гардаг гэдгийн баталгаа өчигдрөөс эхлээд сошиал орчинд гэрч болоодохлоо.
Учир нь 4 жилдээ нэг удаа зохион байгуулдаг монголчуудын олимп буюу Бүх Ард түмний спартакиад наадмын амжилт үзүүлсэн тамирчдад гардуулан өгч буй медаль дээрх үг үсгийн алдаатай хэвлэлт цахим орчинд дэлгэгдэж, цахим орчинд олны анхаарлыг татав.

Ганцхан үүгээр ч зогсохгүй шагналын тавцанд зогсож буй тамирчдын ар талд байгаа фон бүхий хэвлэмэл хулдаасан дээрх “түмнний”, “ударга өрсөлдөөн” гэх мэт үг үсгийн алдаа Монголд “хариуцлага” гэж зүйл хаа хаанаа огт байхгүй болсныг гэрчлэх мэт…




Шилэн данс руу нэвтрэн орж, дээрх спортын наадамд одоогийн байдлаар (2025.09.18)-ны өдрийн байдлаар хэдэн төгрөг зарцуулсан мэдээллийг шүүж авснаа та бүхэнд хүргэе.
2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 250 тоот тушаалын дагуу БТСУХ-ны санхүүгийн албанаас 90 сая төгрөгийг Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газарт Зуны 16 дугаар наадам 261.2 гэсэн утгатай гүйлгээг шилжүүлсэн байна.


Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний наадмыг энэ жил Баянхонгор аймаг зохион байгуулж буй. Спортынхон нийт 79 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байна.
Гэвч Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам гэж бичихдээ “зуны” гэдэг үгийг “зууны” хэмээн алдаатай бичиж, нийт 1405 медаль хэвлүүлсэн аж.
Тодруулбал, нэг бүр нь 12 мянган төгрөгийн үнэтэй 1405 медалийг 16 сая 860 мянган төгрөгөөр хэвлүүлсэн байна.


Энэ удаагийн наадам спортын 18 төрлөөр шилдгүүдээ тодруулж буй. Мэдээж Монголчууд дотооддоо хэн нь шилдэг вэ гэдгээ харуулдаг, үзүүлдэг, баталдаг томоохон өрсөлдөөн учраас улсын төсвийн санхүүжилтээр зохион байгуулдаг. Энэ ч утгаараа спортын төрлүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчдаас гадна тууштай тогтмол хичээллэж буй спорт клуб, хороодын тамирчид уг наадамд л зориулж бэлтгэл сургуулилтаа хангахын зэрэгцээ тэсэн ядан хүлээдэг билээ.
Гэвч зохион байгуулагч аймаг болон хяналт тавих үүрэгтэй Биеийн тамир спортын улсын хороо, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны хариуцлагагүй, хяналтгүй, хайрамжгүйн балгаар шагналын тавцанд зогсоон тамирчид үг үсгийн алдаатай медалийг гардан авч байна.
Төсвийн мөнгөөр Монгол Улсад зохион байгуулсан спортын хэд хэдэн тэмцээний уг явдалтай ижил төстэй кэйсүүд бий…
Тухайлбал,
- 2023 онд Улаанбаатарт зохион байгуулж байсан Зүүн Азийн залуучуудын спорт наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт явагдсан. Тэмцээнд шаардагдах зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн төрөлд хэрэглэгдэх техник туухай нь албан ёсны стандартын жиндээ хүрэхгүй, жинлүүлэх гээд л зохион байгуулагчдын тушаалаар яг тэр өдөр хүнсний дэлгүүрийн жин хайгаад сандралдан гүйж явсныг ажлын хэсгийн туслах ажилтан нотлох баримттай хэлж байв.
- Монгол Улсад зохион байгуулах эрхээ авсан дээрх наадмын зарим төрлийн тэмцээнийг зохин байгуулна хэмээн улсын төсвийн мөнгөөр Хан-Уул дүүргийн Степпе Аренагийн чанх урд талд Спорт заал бүхий барилгыг “Улаанбаатар Спорт Менежмент” ХК-иас барьж байгуулсан. Гэсэн ч тус барилга “инженерийн алдаатай” хэмээн одоо ч ашиглалтад хэзээ орох, эсвэл яг хэзээ нураах эсэх нь тодорхойгүй хэвээр…
Энэ мэтчилэн улсын төсвийн мөнгийг салбар бүрт хуваарилдаг ч яг байндаа онож чадаж байна уу, үгүй юу гэдэг гол асуудал дээр хэн, хэрхэн хяналт тавьж, хариуцлага нэхдэг вэ?
Төсвийн мөнгө уйлдаггүй ээ хэмээсээр амаа дараад, нүдаа аниад чимээгүй зөрөөд өнгөрсөөр байх уу…






