
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Мелания Трампын хамт Их Британийн Нэгдсэн Вант улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгч Д. Трамп, гэргийн хамт Английн хаан III Чарльзийн урилгаар Баруун өмнөд Английн Беркшир гүнгийн харъяаны нутагт дэвсгэрт байрлах Уиндзорын ордонд зочилжээ.
Нисдэг тэргээр Уиндзорын ордны гадна буусан Д. Трампыг Уэльсийн хунтайж Уилльям, гүнж Кэтрин нар угтан авсан бол Уиндзорын ордны үүдэнд Америкийн төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хоёрыг хаан III Чарльз, хатан Камилла нар угтан, мэндчилжээ.
Английн хаан, хатан хоёр зочидтойгоо Уиндзорын ордон руу орохоосоо өмнө Их Британийн тэнгисийн цэргийн хүчин, агаарын нисэх хүчний 1300 албан хаагч оролцсон хүндэтгэлийн жагсаалыг үзэж сонирхсон байна. Хааны гэр бүлийн гишүүдтэй өдрийн хоол идсэнийхээ дараа Ерөнхийлөгч Д. Трамп гэргийн хамт Хатан хаан II Элизабетийг оршуулсан Гэгээн Жоржийн сүмд зочлон, хатан хааны шарилд цэцэг өргөжээ. Америкийн төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар Гэгээн Жоржийн сүмд зочилсныхоо дараа Уиндзорын ордны дээгүүр Хааны ордны агаарын нисэх хүчний уран нислэгийн “Улаан сумнууд” баг болон F-35 сөнөөгч онгоцнуудын агаарын үзүүлбэрийг үзэж сонирхсон байна.
Ерөнхийлөгч Д. Трампын Их Британид хийж буй айлчлалын гол арга хэмжээ нь Хаан III Чарльзийн Уиндзорын ордонд зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалт байв. Ордны Гэгээн Жоржийн танхимд болсон хүлээн авалтад 160 зочин уригдсаны дотор Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман зэрэг Америкийн технологийн салбарын тэргүүлэгчид багтжээ.
Хүлээн авалтын 47.3 м урттай ширээг засахад ордныхон 7 хоногийг зарцуулсан ба ширээг 139 лаа болон амьд цэцгүүдээр чимэглэж, хоолны 1452 хэрэгслийг байршуулжээ. Хүлээн авалтад АНУ-ын тэргүүн хатагтай мөр гарсан шар өнгийн даашинз өмсөж, ягаан өнгийн бүс зүүсэн байсан нь олны анхаарлыг татсан байна.
Түүнчлэн Уэльсийн гүнж Кэтрин алтлаг торон оруулгатай даашинз өмсөн, гүнж Дианагийн титмээр гангарсан байсан нь мөн олны нүдэнд тусжээ. Хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ Хаан III Чарльз хоёр улсын хамтын түүх, хамтын ажиллагааны шинэ эрийн үеийн тухай дурдаж, Ерөнхийлөгч Д. Трампын төлөө хундага өргөхийг уриалсан бол Ерөнхийлөгч Д. Трампын хувьд хэлсэн үгэндээ Их Британийн соёл уламжлал, түүхийн ахиц дэвшлүүдийг тоочиж, хоёр улс зүгээр нэг онцгой харилцаатай гэж хэлэхэд ч багадна гэдгийг онцолж, зочдодоо хаан Чарльзийн төлөө хундага өргөхийг уриалсан байна.






