
Walt Disney компанийн эзэмшдэг ABC суваг хөтлөгч Жимми Киммелийн шоу нэвтрүүлгийнхээ үеэр Чарли Киркийн үхлийн талаар хэлсэн үгнийх нь төлөө Jimmy Kimmel Live нэвтрүүлгийг нь цуцалжээ.
Америкийн Харилцаа холбооны агентлагт өөрийнх нь санаанд үл нийцсэн контент нэвтрүүлсэн сувгуудын лицензийг нь цуцлах шаардлага тавьж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ABC сувгийн шийдвэрийг сайшааж, “ABC сувагт эцсийн эцэст зориг гаргаж хийх ёстой байсан зүйлээ гүйцэлдүүлсэнд нь баяр хүргэе.” хэмээн өөрийн нийгмийн сүлжээнд бичжээ.
Түүнчлэн тэрээр өөрийнх нь талаар үргэлж хошигнодог The Tonight Show starring Jimmy Fallon болон Late Night with Seth Meyers шоу нэвтрүүлгүүдийн хөтлөгчид болох Жимми Феллон, Сет Майерс нарыг халахыг NBC сувгаас шаардаад байгаа билээ.
Ж. Киммел өнгөрсөн даваа гарагт цацагдсан нэвтрүүлгийнхээ үеэр Д. Трампыг дэмжигчид Чарли Киркийг өөрсдөөс нь өөр үзэл бодолтой нэгэн байсан мэт харуулахыг хичээж, уг аллагыг өөрсдөдөө ашигтай эргүүлэхийг хүсэж буй талаар дурдаж, Ерөнхийлөгч Д. Трампын Цагаан ордны гадаа Ч. Киркийг гашуудан хэлсэн үгийг шоолсон аж. Д. Трампын хувьд ерөнхийлөгчийн сонгуулиар Чарли Киркийн ачаар залуусын саналыг авч чадсан хэмээн удаа дараа онцолж байсан юм.
Ч. Кирк нь АНУ-ын консерватив үзлийг дэмжигч залуусын хамгийн том байгууллага Turning Point USA ашгийн бус байгууллагын тэргүүн бөгөөд Ерөнхийлөгч Д. Трампын албан бус зөвлөхүүдийн нэг байсан аж. Түүнийг энэ сарын 10-нд Utah Valley их сургууль дээр илтгэл тавьж байх үед нь буудан хөнөөсөн билээ.






