Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Чөлөөт бөх ДАШТ Хорватын Загреб хотноо энэ сарын 13-ны өдөр эхэлсэн. Тэмцээн 9 дүгээр сарын 21-ний өдөр өндөрлөнө.
“Загреб-2025” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн төлөө барилдлаа. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга АНУ-ын Эллен Килти байсан юм.
Тун тэнцүүхэн өрнөсөн энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийн эзэн болж байна.

Өмнө нь эрэгтэйчүүдийн 70 кг-д Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-д Т.Алтжин хүрэл медаль хүртээд буй.
Мөн өчигдөр дэлхийн дэвжээнд барилдсан манай улсын бөхчүүдээс эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Бямбасүрэнгийн Мөнхнар хүрэл медалийн төлөө Туркийн хашир туршлагатай бөх, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын АШТ-ий 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт Эвин Демирхантай барилдаж ялагдсанаар тэмцээний V дугаар байрт шалгарлаа.


“Загреб-2025” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын хагас шигшээд дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон Японы бөх Сакура Мотокитой барилдлаа. Түүний өрсөлдөгч нь Парисын олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт бөх байсан. Энэ барилдаанд П.Орхон оноогоор цэвэр ялагдсанаар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.


Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо






