
NBA-ийн супер од, будагтай талбайн эзэрхэг мангас Демаркус Казинс Монгол Улсад хоёр дахь удаагаа ирэхээр болжээ. Манай улсын сагсан бөмбөгийн дээд лигт “Сэлэнгэ бодонс” багт ирж тоглосон тэрбээр эцсийн мөчид “Хасын хүлэгүүд” багтай тоглож хожигдсоноор нутаг буцсан юм. Тэгвэл бид түүний талаарх нэгдсэн мэдээллийг хүргэе.
Демаркус Казинс Монголд тоглох нь зөвхөн спортын хувьд чухал ач холбогдолтой биш, Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг нэмэгдүүлэхэд ч хувь нэмрээ оруулж буй. Мөн Монголын багуудын хөрөнгө оруулалт, маркетингийн талбарт ч шинэ боломжуудыг нээж буй нь үнэн билээ.
FIBA-аас сагсан бөмбөг сонирхогчдын дунд дөрвөн тивийн 18 улсыг хамарсан судалгаа хийхэд хамгийн хурдтайгаар үзэгчид нь өсөж буй 10 улсын дөрөв нь Азид оршиж байгаа аж. Филиппин, Индонез, Арабын Нэгдсэн Эмират, Турк улсууд тэргүүлсэн билээ. Тэгвэл манай улс ч гэсэн эдгээр улсын араас ороход байг гэх газар үгүй бөгөөд түүнд Демаркус Казинсын оруулж буй хувь нэмэр их.
Ямартай ч энэ жилийн дээд лигийн тоглолтууд гал авалцах нь тодорхой болж байна. M BANK ARENA-ийн ойролцоо гал команд байршуулахгүй бол болохгүй нь. Яагаад гэвэл Бүүгий Монголд дахин ирэх нь байна шүү дээ.
БҮҮГИЙГИЙН BLITZ
Демаркус Амир Казинс Үндэсний Cагсан Бөмбөгийн Холбооны (NBA) Денвер Наггетс багийн тамирчин байсан. “Бүүги” хочит тэрээр 2010 онд Бүх Америкийн нэрт тамирчин байсан Кентакки Уэрлэгийн нэрэмжит коллежийн Катс багт тоглож байсан. Түүний хувьд Кентаккиг орхиж, Сакраменто Кингс багийн 2010 оны драфтын тав дахь сонголтоор сонгогдсон. Кингстэй хийсэн анхны улиралдаа Казинс NBA-ын Бүх рүүки тоглогчдын нэгдүгээр багт сонгогдож, 2015-2018 он хүртэл NBA-ийн бүх одоор шалгарч байв.
СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

Бүүгий хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд Голден Стэйт Уорриорстой хийсэн сүүлчийн тоглолтдоо Puma MB.01 өмссөн. Мөн Puma Triple, Puma Court Rider Twofold, Puma Clyde Hardwood, J.Cole x Puma Dreamer 2, Puma RS-Dreamer, Puma Clyde All-Pro, Puma Fusion Nitro Spectra пүүзнүүдийг өмсөн тоглож байсан юм.
ЦАЛИН ОРЛОГО
2010 оны нэгдүгээр улирлаас хойш 2021 оны 22-р улирал хүртэл нийтдээ 120 сая долларын цалинтай ажилласан байна. Тэрбээр 2021 оны NBA карьераа өндөрлөснөөс хойш нэг өдрийн 15,970 долларын цалинтай ажиллаж байна. Бүтэн жилийн цалин нь 683,196$.
ХУВИЙН АМЬДРАЛ
Демаркус Казинс ихэр бөгөөд түүний ихрийг Jaleel Cousins гэдэг. Бүүгий дөрвөн эгч, нэг ахтай. 2019 оны наймдугаар сарын 24-нд өөрийн удаан үерхсэн найз бүсгүй болох Морган Лангтай гэрлэсэн юм. Тэд 2 хүүхэдтэй.
Нэмж сонирхуулахад, Демаркус Казинс манай улсын багт ирж тоглож байгаа цорын ганц NBA-ээс гаралтай тамирчин биш юм. Харин ирсэн тамирчдаас хамгийн алдартай нь гэвэл илүү оновчтой болов уу. Тодруулбал, 4 удаа “NBA All-Star”, “All-NBA Second Team”-д сонгогдож байсан. Мөн АНУ-ын шигшээ багийн хамт 2016 онд Риогийн олимпод, 2014 онд дэлхийн аваргад түрүүлсэн амжилттай гэдгээрээ онцлог гэсэн үг. Бусдаар манай улсын багт 2014 оноос хойш NBA-д тоглож байсан таван тамирчин байдаг. Нэрсийг дурдвал, Чу Мадуабум, Смуш Паркер, Карлделл Жонсон, Андре Браун, Даймонд Стөүн нар юм.






