
Монгол хүүхдүүд авьяас билиг нь ундарсан чадварлаг. Спорт, урлагаар тэдний ямархан амжилт, ялалт, онцгой байгааг мэдэж авч болно.
Гэр бүлийнхээ тэр дотроо охин дүүтэйгээ хамтдаа цаначин ээжийнхээ амжилт, ялалтыг үргэлжлүүлэн буухиалж яваа цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн.
Тэрбээр 2024 оны яг есдүгээр сард Монголдоо төдийгүй Ази тивийн анхны дугуйт цанын дэлхийн аварга болж байв.

Тэгвэл яг нэг жилийн дараа “Анх”-ны тодотголтой дугуйт цанын Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Ингэснээр А.Хүслэн дугуйт цанаар дэлхийн ч тэр тивийн хэмжээнд “гоцгойрч” Монголчуудыг түүхийн хуудаснаа тэмдэглүүлж буй нь энэ.


Хамгийн бахархам нь А.Хүслэн тэнгэрээр бус газраар дамжин, унаа сэлгэж сууж явсаар Баян-Өлгий аймгаар цаашлаад Казахстаныг зорихдоо нэг талдаа л гэхэд 4000 гаруй километр замыг туулжээ. Гэсэн ч тэрбээр эх орныхоо нэрийг амжилт, ялалтаар дуурсгах чин хүсэл, тэмүүлэл, том зорилгоо хойш тавилгүй, яг л амжилтынхаа ард, шагналын тавцан дээр зогсож чаджээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа танд хүргэж байна.


-Сайн байна уу? Юун түрүүнд баяр хүргэе. Анхны тодотголтой хоёр ч том тэмцээнд жил дарааллан маш том амжилтыг үзүүлж чадлаа?
-Сайн байна уу? Маш их баярлалаа. Би яг ноднин есдүгээр дэлхийн аварга болж байсан. Энэ жил яг энэ сард Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль авлаа.
Яг өрсөлдөгч тамирчид гэвэл 120 тамирчнаас 80-90 хувь нь Казахстаны тамирчид байлаа. Үлдсэн өрсөлдөгч нар нь Япон, Хятад, Солонгос, Тайланд гэсэн орнууд. Саяны тэмцээн дээр хамгийн хүчтэй өрсөлдөгч нар тэдэн дундаас зохион байгуулагч эзэн орон Казахстаных байсан.
-Тэмцээн нийт хэдэн өдөр явагдав? Азийн цомын тэмцээн анхных гэдэг утгаараа чансаа өндөртэй байсан уу?
-Дөрвөн өдөр зохиогдсон тэмцээн Азидаа анх удаа болж байгаа. Азийн цомын тэмцээн гэж явдаг. Дэлхийд яг өвлийн төрлөөрөө бол жил болгон зохион байгуулдаг.
Энэ тэмцээний тухайд зуны улиралд Азидаа анх удаа, Азийн цомын гэж роликоор бол анх удаа зохиож байгаа.
Хамгийн эхнийх нь Тайланд улсад зохиогдож байсан.


-Монгол Улсаас таван тамирчин оролцсон гэж сонссон. Яагаад шигшээ багийнхан нь араас нь очих болов?
-Миний хувьд цанын шигшээ багийнхантайгаа хамт явна гэж байгаад холбооны тодорхойгүй байдлаас шалтгаалан хувиараа явахаар болсон. Тэгээд би өөрөө ганцаараа газраар машинаар дамжиж барин Баян-Өлгий аймгаас цаашлаад Казахстанд зорьж очсон.
-Тэгэхээр тэр хол замыг туулан тэмцээндээ зорьж очсон байхнээ?
-Тийм. Нэг талдаа 4 мянган км замыг туулаад ирэх, очихын нийт 8 мянган км газраар машинаар зорчсон.
Тэгээд яг очиход тэмцээний нэг өдрийн өмнө шигшээ багийнхан араас нислэгээр ирсэн.
Баян-Өлгийд очсоны дараа нэг ах бид хоёрыг байранд оруулж өгөөд, Астана явах машин байхгүйн улмаас маргааш өглөө нь үүрийн 06:00 цагт 30 цаг автомашинаар явсаар Астана хотод очсон. Тэндээсээ дахин 2 цаг машинаар дамжиж явсаар яг тэмцээн болох газраа хүрч очсон доо.


-А.Хүслэнгийн хувьд өвөлдөө цанын спортоор хичээллэдэг цаначин. Өвлийн спорт болон дугуйт цанын спортын ялгаа байдаг уу?
-Өвлийн спорт бол тамирчин хүнээс асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Хүйтэн салхитай, цас орсон өвөл бол уралдах, бэлтгэл сургуулилтаа хийхэд нэлээд хүнд байдаг.
Бид техник хэрэгсэлтэйгээ байнга харьцаж, бэлтгэлээ хийдэг. Учир нь цанын тосолгоо гээд маш чухал ажил бий. Цанандаа зөв тос тавих, тосолгоо хийх нь техник талаасаа мэдрэмж, ур чадвар, туршлага шаарддаг л даа.
Бид хэд өвөлдөө өөрсдөө тослоод явдаг болохоор нэлээн хүнд байдаг. Харин зуных нь болохоор маш их халуунд. Гэхдээ яг өвлөөс бол даарч хөрөх нь арай гайгүй. Тэгвэл ролик нь болохоор ямар ч тийм асуудал байхгүй, бүгдийг нь яг цаанаас нь тэмцээн болж байгаа газар нь бүх роликуудыг нь тамирчидад ижилхэн тавьж өгдөг. Тамирчид гараанаас гарахаас нь өмнө бүгд өөрсдөө роликуудыг нь дараалаад тавьчихсан бүгдийг нь сонгоод л авч гаргадаг болохоор амар байдаг.


Миний хувьд дугуйт цана буюу роликоор Монголдоо л медаль авдаг байсан бол одоо Олон улсад медаль хүртээд ирдэг боллоо. Өнгөрсөн жил яг энэ төрөлдөө U-19 настай хүүхдүүдтэй өрсөлдсөн.
Харин одоо дандаа дээшээ насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, тэндээс медаль авч байгаадаа их баяртай байгаа.
-Роликоор бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангадаг вэ?
-Яг машин зам дээр роликоор бэлтгэлээ ихэнхдээ хийдэг болохоор замын хувьд хатуу, хэцүү байдаг.
Заримдаа Найрамдалын уул руу, мөн Богдхан уул руу ч бэлтгэлээ хийдэг. Тэгээд Төв аймгийн Алтанбулаг сум руу роликоор бэлтгэлдээ гарна.
Хойшоо Салхитын Чингэлтэйгийн гүйлтийн зам дээр очиж гүйнэ, цэцэрлэгт хүрээлэн дээр очиж роликтой бэлтгэлээ хангаж байгаа.


-Цанын спортоор ирэх онд ямар тэмцээн уралдаанд өрсөлдөх вэ?
-Ирэх 2026 онд Иатли улсад өвлийн XXV олимпын наадам болно. Тус олимпод дээд ах нараас цанын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах эрхээ авсан байгаа. Харин доод үеэс Золбаяр бид хоёр эрхээ авах уу? гэдэг асуудал хүлээлгийн шатандаа бий. Энэ оны 12 дугаар сард Олон улсын цанын холбооноос албан ёсоор баталгаажиж ирэх асуудал шийдэгдэх байх.


-Өөрийнх нь ээж цанын спортын ОУХМ Э.Очирсүрэн. Тамирчны замналынхаа дараа Монголын Цанын холбоонд ч хариуцлагатай алба хашиж байсан. Мэдээж спортын гэр бүлийнхэн дунд бий учраас ээж, аав нь маш их дэмждэг болов уу?


-Миний ээж өвлийн олимпод хоёр ч удаа эх орноо төлөөлөн оролцож байсан. Цанын спортод улсаасаа олон ч тэмцээнд оролцож явсан гайхалтай тамирчин эмэгтэй бий. Улсдаа маш олон удаа аваргалж байсан. Мөн цанын холбоонд ч олон жил ажиллаж явсан ийм сайхан хүн байдаг. Намайг маш сайн дэмжинэ. Аав болохоор яг спортын хүн биш хэдий ч спортыг маш сайн ойлгож биднийг дэмждэг. Уул уурхайн салбарт ажилладаг хүн байдаг.
Манай аав миний бүх хэрэгсэл, тэмцээнд оролцоход шаардлагатай материал, хэрэгтэй гэсэн зүйлсийг маань цааргалалгүй бэлтгэн өгч, ар талд минь дэмжлэг болоод, хараад зогсож байдаг юм.
Аав, ээждээ, эмээдээ, гэр бүлийнхэн мөн найз нөхдөдөө маш их баярлаж, талархаж явдаг даа. Мөн “Мон-Алтиус” БТДС болон “Алдар” спорт хорооны баг хамт олондоо үргэлж баярлан талархаж явдгаа илэрхийлмээр байна.


-Цанын спортоор хичээллэж буй хүүхэд, залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Энэ спортоор хичээллэж буй дүү нартаа битгий шантраарай, тууштай байгаарай л гэж хэлнэ. Улам цаашаа 1, 2, 3 жил хичээллээд, шантралгүй явахад чиний амжилт эргээд бодитоор гарч ирнэ. Ард нь гэр бүлийнхэн чинь дэмждэг байхад л чиний амжилт заавал гарч ирэх болно гэж хэлье дээ
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






