
Би нэг л юманд итгэхийг хүсдэг. Тэр нь хэзээ нэгэн цагт манай улс эх орон хөгжиж, бидний үр хүүхэд сайн сайхан амьдарна аж төрнө гэдэгт. Үгүй гэх газар үгүй л дээ. Gen Z болон түүнээс хойшхи үеийн залуусыг сайн анзаарч харах юм бол оюун ухаандаа асар их хөрөнгө оруулалт хийдэг эрүүл саруул амьдрахын ач тусыг ойлгочихсон тийм эрин үе гарч ирж буй. Үүний нотолгоо нь ямар ч залуус хоёр хэлээр чөлөөтэй ярьж байна. Цаашлаад иогчин, фитнесчин гээд л элдэв төрлийн зүйлсээр өөрсдийгөө хөгжүүлэх юм. Үүнийгээ дагаад боловсролын түвшин, амьдралын хэв маяг ч өөрчлөгдөхийн хэрээр ирээдүйд хүн амын дундах насжилт уртасна. Тэр ч бүү хэл энэ үе төрийн жолоо атгах цаг дор ямар өөрчлөл ирэхийг бид хэлж мэдэхгүй. Цаг хугацаа л мэднэ буй заа. Тэдний хүний эрхийн мэдрэмж, гоо зүйн ойлголт өндөр. Техник тохнологитойгоо хөл нийлүүлж алхах боломж бололцоо ч элбэг.
Хоёр их гүрний дундах жижигхэн ардчилалтай Монгол Улсад ийм залуус бэлтгэгдэж буй нь өөрөө гайхамшигтай үйл явдал мөнөөсөө мөн билээ. Тэд мэдээлэлд шууд итгэхээс илүүтэйгээр хоёр, гурван талын эх сурвалж, барууны зүүний аль ч хэвлэл мэдээллийн байгууллагуудаас чөлөөтэй орж уншаад шүүлтүүртэй хандаж чаддаг болсон. Түүх соёл зарим зүйлсээ гээж байгаа мэт харагдавч бас үгүй. Судалдаг ухаарч сэхээрдэг энэ бидний түүхийг ингээд зохиосон юм биш үү гэдэг эргэлзээг ч бий болгож чадаж байна гэж хэлж болно.
Тэгвэл жаран жилийн дараа, магадгүй зуун жилийн дараа тэднээс ч айхтар үе гарч ирэхийг байг гэх газар үгүй.
Тэр хүүхдүүд аав ээж ээ, ах эгч ээ амьдрахын тулд хэрхэн зүтгэснийг, улс эх орны нөхцөл байдал ямар байсныг мэдэхийг эрмэлзэх биз. Тэгэх ч хэрэгтэй.
Харин тэднийг энэ мэдээлэлд ойр дөхөм байхад нь туслахын тулд энэ бяцхан бичвэрийг бичиж сууна.
Энд ямар нэгэн үүх түүх бичих гэсэнгүй. Харин зөвхөн өөрийн үзэж туулсан, анзаарсан зүйлсээ бичиж буйг минь ойлгоно буй за. 1990 оноос хойш ганзгын наймаачид урд хойд хөршөөс бараа таваар зөөж байсан бол 2000- аад оноос бусад улс орноос соёл, мэдлэг, валют зөөх болжээ. Үүний нэг том жишээ бол манайхны хэлж заншиснаар “Баян-Өлгий III” буюу өнөөгийн БНСУ юм. 2000 оноос хэчнээн ч монголчууд эл газар ажил хөдөлмөр эрхэлхээр ийш цувж, хэчнээн нь ч амьдрал ахуйгаа дээшлүүлсийг мэдэх юм алга. Ёстой л тэнгэрийн зам, авиа компаниуд л мэдэх биз. Амьдрал ахуйгаа сайжруулж, соёлыг чемодамалж очсоны нотолгоо нь өнөө монголд байгаа олон солонгос хоолны газрууд, үйлчилгээний соёл, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, гар утас таблетаас өгсүүлээд олон зүйл бий.
Тэгвэл би өнөөдөр БНСУ-д сурч ажиллаж буй 60 мянга гаруй монголчууд ямар ажил эрхэлдэг, хэрхэн аж төрдөг талаар яг өөрөө дунд нь орж үзэж туулснаа бичиж сийрүүлэхээр шийдсэн минь энэ. Уг нь чааваас Баян-Өлгий аймгийн хүн амын талтай тэнцэх хэмжээний хүн ам л даа.
Эхлэл: 2023 оны тавдугаар сарын 16
Хэн намайг онгоцонд суулгаж өгсөн болоод, хэзээ хэдэн цагт боссон зэргийг шууд орхиод Монгол Улсаас шууд БНСУ-ын Инчон олон Улсын нисэх онгоцны буудалд бууснаас тэмдэглэлээ эхлүүлье. Цаг агаарын нөхцөл байдал бүхчим, чийглэг ер амьсгалах агаар үгүй аж. Өмсөж явсан цагаан өнгийн подволк нэвт норж хөлс урсан сандрал дээд цэгтээ хүрэв. Сандарсан учир гэвээс манай улсын иргэдийг хил дээрээс хайр найргүй буцааж байсанд оршино. Очоод хууль бусаар ажил хийх цаашлаад визийн хугацаагаа хэтрүүлээд харлачихдаг учир ийнхүү хатуу ширүүн болжээ.
Эргэн тойрны хүмүүсийг харахад яг л над шиг сандарсан, хэн нэгнийг царайчилсан тийм хүмүүс байх ажээ. Тэдэн дунд мульт визтэй байнга орж гардаг хуруу дарам хэдхэн хүн л додигор зогсоно. Яаж ийгээд орж чадна. Харин ачаа бараа авах хэсэгт тэд муухай царайлж ийм ч барааг минь хураачих вий, тийм ч барааг минь хураачих вий хэмээн санаа зовдог юм билээ. Тус хүмүүс монгол руу орохдоо гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг элдэв төрлийн зүйл оруулаад, солонос руу гарахдаа харынхны хүнс болох борц, ааруул шар тос зэргийг эргүүлэн авч гардаг.
Арав гаруй эгнээгээр өч төчнөөн улс дарааллан зогсож цааш нэвтрэх үгүйгээ дэнслүүлнэ. Яг л эрлэгийн элч дээр буян нүглээ дэнслүүлэх гэж байгаа аятай.
Би ч найзынхаа зөвлөсний дагуу аль болох монголчууд цөөн зогссон эгнээнд очиж зогслоо. Бас гаалиар нэвтрүүлж буй ажилтны нүд биеийн хэлэмжийг нь ажигласан гэж байгаа. Арай зөөлөн харцтай, онигор цагаан царайтай ажилтны эгнээнд очиж зогссон юм. Нөгөө талын эгнээрүү харвал зарим монголчуудыг хил нэвтрүүлэхгүй цааш өрөөрөө дугуулж ороод л байв. Бараг тав зургааг авч ороход зарим хүмүүс ч эгнээгээ солиод миний ард ирээд зогсож байна шүү.
Хөөрхий хүмүүс хэд хонох вэ, аялалын зорилго юу вэ гэсэн жижиг сажиг асуултад л бүдрээд байна шүү. Уг нь эхлээд солонгосоор асуугаад хэл мэдэхгүй бол англиар асууж байна. Миний урдаас нэг ч гадаад иргэн цааш өрөөрүү орохгүй байсан тул миний сандрал арай дээрдэж “Заа үхсэн. Харсан тэнгэр байдаг бол гарна л биз. Өнөөдрийн аз эз харьсан бол буцна л биз” гэсэн бодолтой. Гэхдээ л буцна гэхээр онгоцны билетний мөнгөө хүртэл хүнээс зээлж ирсэн хүн чинь тийлтэрдэг юм байгаа биз дээ. Бас болоогүй хэд хоног явлаа барилаа гэж найзуудтайгаа дарвиад шоудчихсан.
Миний ээлж ирэхэд паспорт болон бусад цаасуудыг өглөө. Коронавирустай холбоотойгоор вакцин хийлгэсэн эсэх зарим асуумж бөглөдөг болсон юм.
Эхлээд гаалийн ажилтан надаас солонгосоор хоёр асуулт асуусан боловч ойлгосонгүй. Хэдийгээр сандарч байсан ч “нээрээ л аялах гэж ирсэн, баян мөнгөтэй залуу шиг харагдах ёстой шүү” гэж өөртөө хэлээд санаандгүй кармайнаасаа 400 гаруй мянган вон унагасан хүн болж үзүүлэв.
Дээшээ босож ирэхдээ “уучлаарай та англиар ярьж болох уу” гээд л аваад хаячхав. Манай хүн /манай хүн үү хаха. Гаалийн ажилтан/ дуртай нь аргагүй инээмсэглээд та манай улсад ямар зорилгоор ирж байгаа вэ, хэд хонох вэ л гэж байна. Би ч уухайн тас аялах гэж ирсэн. 14 хононо. Би аялах их дуртай. Танай улсад би хайртай майртай ухааны юм ярив. Итгэж байна аа. Шууд л тамгаа дарчихав.
“Пүү чорт” бараг л бүжиглэх нь халаг цааш гардаг юм байгаа биз дээ.
Миний очсон нислэгээс 30 гаруй монгол буцахаар болж хүлээлгийн танхимд үлдсэнийг дөнгөж гарч ирээд л “Солонгос дахь монголчууд” группээс олж уншсан юм. Хөөрхийс бас л над шиг өч дөчнөөн өр зээл дээрээ тизний мөнгө, эхний ээлжийн амьдрах зардлаа зээлээд л ирсэн байж таараа.
“Солонгос дахь монголчууд” групп дээр “манай улс нээрээ арчаагүй юм аа пязда. Иргэд нь ингээд өөр улсын онгоцны буудлын шалан даар наашаа ч үгүй цаашаа ч үгүй сууж байх гэж” гэсэн пост ч олон орж ирсэн байж билээ.
Уг нь ирж буй хүмүүс ч гэсэн юу асуудаг, яав л нэвтэрч орж ирэхийг судлачихвал зүгээр юм билээ дээ. Ядаж л дээр дурдагдсан хэдэн асуултад англиар ч болтугай хариулаад байвал. Тэгэхгүй алж идүүлэх гэж буй үхэр аятай хараад байхаар буцаахаас өөр яах вэ дээ. Цаашлаад Монгол Улсын Засгийн газраас айлчлал хийхээр ирэхдээ манай улсын багш, цагдаа, эмч гэх мэтчилэн төрийн албан хаагчид танайд очоод харлаад байна нэг их нэвтрүүлээд хэрэггүй гэсэн гэж байгаа. Тийм тэнэг байж болох уу. Ард иргэд нь сайн сайхан амьдарч байсан бол юу гээд л ийш ингэн барин зорьж ирэх вэ дээ. Хов болох вий, хов болох вий.
Ачаа бараагаа хүлээж аваад зогсож байтал нэг эгч жигтэйхэн том цүнхтэй юмаа миний тэргэн дээр асуух ч үгүй авч ирээд тавьчхав. Миний уур ч гэнэт хүрч та яасан бүдүүлэг хүн бэ “би таны энэ барааг яахаараа авч гардаг юм хэмээв. Мань хүн ч “Чи эгчдээ ингэж л тус бол. Энэ дандаа ааруул, чихэр байгаа юм. Эгчид нь цаана нь гурван чемодан бараа байгаа” гээд л гуйх нь тэр. Би ч заа үхсэн тэр холоос гараад ирсэн юм чинь дотор нь хар тамхи байхгүй л байлгүй гэж бодоод аваад гарлаа.
Нээрээ хар тамхи энэ тэр байгаагүй л дээ.
Гарч ирсэн дараа өнөөх эгчийг хайгаад олсонгүй. Хүний юм хаяад явалтай биш гээд бараг хоёр цаг хүлээж суув. Эгч гарч ирээд баярлалаа гэснээ чи анх удаагаа ирж байна уу гэв. Тийм ээ гэтэл “Эгч нь энүүгэээр орж гарч байгаа хүмүүсийг хараад л мэднэ” хэмээв ээ.
Би ч элэг бариулсан юм шиг дурамжхан сууж атал эгч нь дүүдээ баярлалаа гээд том чемоданаасаа уут чихэр, архи гаргаж өгөв.
Сая л нэг юм уур гарлаа гэдэг шиг. Шагнуулсан хүн чимээгүй байхаас өөр яах вэ дээ. Харин энэ тухайгаа нэг найздаа хэлтэл ёстой л тэнэг мунаг хамаг юмаараа дуудуулав. Тэгэж суухдаа нээрээ л би гэнэн хүн шүү гэж бодсон удаатай.
Харин өгсөн архи чихэр хоёр нь очих газаргүй, ойчих хаяггүй надад хэрэг болсоон болсон. Нэг хоног очих газаргүй онгоцны буудал дээр ажлын зар харж суусаар Жинжү хотод байдаг хуучны танил найз руугаа очихдоо өнөөхөө өгч нүүр тахалсан юм.
Хоёр гурав хоног ажилгүй гэрт найзынхаа хүүхдэдтэй тоглолоо. Газар орон мэдэхгүй, хүн танихгүй байхын зовлон энэ. Ажил хийж мөнгө олж чадахгүй суусаар монголоос амиа тээнэ гэж бодсон мөнгөө үрж дуусгах шүү дээ.
Азаар зар харж суутал Жинжү хотоос 230 гаруй километрийн зайд далайн эргийн барилга дээр таньдаг сэтгүүлч эгч маань ажиллаж таарав. Миний зургийг захиралдаа харуулахад хүрээд ир хэмээсэн аж ээ. Бас болоогүй өөр нэг сэтгүүлч эмэгтэй найзтайгаа эхнэр нөхөр хэмээн худал хэлж очихоор болсон юм.
Захирал гэж өнөөх “Харынхан” дээр гардаг мань Санжаа шүү дээ. Эмэгтэй найзыгаа хүний газар дээрлэхүүлээд яах вэ гэсэндээ ийм сонголт хийсэн юм.
Бид хоёр ч ажил дээр эхнэр нөхөр болж жүжиглэх гэж хэсэгтээ л будилав. Өдөр нь ажил хийж байхдаа найз аа тэрийг аваад өгөөч, найзаа ингэх үү гээд л ам алдчих нь олонтой.
Орой гэртээ ирээд унтахдаа л нэг юм найзууд болж хувирна. Уг нь эмэгтэй найз маань орон дээр би газраар унтдаг байсан хэдий ч хажуу хавиргын монголчууд орж ирэх юм бол эхнэр нөхрийн хувиар газраар зассан ороо шууд хураагаад л орон дээрээ хоёулаа хэвтээд өгнө. Хэрэвзээ тэдэнд ч гэсэн мэдэгдчих юм бол гэр бүлийн хүмүүс нэгнээ хардаж сэрдэх, цаашлаад Санжаад хэлчих ч нягууртай тул тийнхүү нуусан нь энэ. Сүүлд хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлсэн л дээ. Та хоёрыг мэдээд байсан юм аа. Яав ч хос байхааргүй царайтай хүмүүс гээд л инээлдсэн. Тухайн барилга дээр ажиллаж байсан үйл явдлууд “Харынхан”-д орсон тул ингээд орхилоо.
Эл үйл явдлаас гурван сарын дараа хамт ажилладаг найзын бие хаа өвдөж, ажил ч хүндэрсэн тул бид хоёр зугтаачихсан юм даг. Цалингаа аваад л маргааш нь мурьчихсан гэсэн үг.
Миний зорилго ч нэг газраа удаан суух, мөнгө хураах байгаагүй бөгөөд энд аж төрдөг хүмүүсийн аж байдлыг мэдэх, өөрийн биеэр туулж үзэх байсан юм шүү дээ.
Өнөөх найз маань Сөүл явж, харин би Солонгосын хамгийн урд захын үхрийн тэжээлийн үйлдвэрт очлоо.
Нэг үеэ бодвол kakaomap, Navermap зэргээ ашиглаад сурчихсан учраас ийш тийш явах тийм ч бэрхшээлтэй байгаагүй юм. Уг нь манай улс орон хаягжуулалтаа сайн хийгээд солонгос шиг ийм апплекейшн нэвтрүүлбэл дагаад хүргэлтийн үйлчилгээ сайжрах, очих гэсэн газраа Googlemap хараад л зовоод байхгүй очдог болохгүй юу.
Үйлдвэрийн ажил:
БНСУ-д гэрээгээр ирсэн хүмүүс үйлдвэрийн ажил их хийнэ. Цалин багатай ч гэсэн байр хоол цаанаасаа учраас мөнгө хураах бүрэн боломжтой. Харласан ч гэсэн удаан ажиллахаар зорьсон хүмүүс үйлдвэрт их ажиллана. Ажлын хувьд арай хөнгөн хүний биеийг туйлд нь хүртэл ядраахгүйгээрээ онцлог гэх юм уу даа. Гэхдээ үйлдвэрийн ажил хийх нь өдөр болгон нэгэн хэвийн зүйл хийдэг болохоор тун уйтгартай. Зарим үед бүүр галзуурмаар шүү. Үйлдвэрийн ажил хийж байхдаа л солонгост байгаа хүмүүс яагаад элдэв төрлийн лайв хийдгийг ойлгож авсан юм. Энд Аки, Энхсайхан гэх мэтчилэн Осоржамаагийн өрөөсөн дугуй хэмээн нэрлүүлдэг нөхөд олон бий. Хүн удаан ганцаардаад ирэхээрээ оюун санаагаа жолоодож чадахаа больчихдог шиг. Эл газар гурван сар ажиллахдаа би ч гэсэн тийм замналаар орох дөхсөн шүү. Гэр цэвэрлэх, хоол хийх ер юу л болоход утасныхаа камерийг асаагаад утастайгаа ярилцмаар санагдаад байдаг юм билээ.
Гэхдээ үүнийг маш гоёор даван туулж байгаа хүмүүс ч бас байдаг л даа. Дасгал хөдөлгөөн хийх, элдэв төрлийн ном зохиол унших, кино үзэх гэх мэтчилэн зүйлсээр аргацааж байгаа юм.
Ихэнхдээ 09 цагаас оройны 18 цаг хүртэл ажилладаг учраас бусад цаг чөлөөтэй. Мөн амралтын хоёр өдөр амардаг учир ойр хавийн элдэв сонин газруудыг үзэж болно шүү дээ.
Үйлдвэрт ажиллагсад ганцаардлаа л зөв даван туулах чухал. Энэ хугацаанд би монголд уншиж чадаагүй хэд хэдэн зохиолоо уншиж дуусгав. Мөн бодох хугацаа их гарсан учир шүлэг бичиж хүртэл үзсэн юм даг. Мөн сэтгүүлч хийж байх хугацаандаа хийж байсан ярилцлага сурвалжилгаа ч гэсэн эргэн нэг уншлаа. Олигтой юм лав байгаагүй. Маш их алдаа дутагдал, ммм ийм л юм хийж байждээ гэж бодсон зүйл олон бий. Хамгийн гол нь сэтгүүлч хийх хугацаанд өдөр болгон л сэдэв, сэдэв гэж бодож явсаар өөрийгөө ч мартаж орхисон юм билээ.
Эл газар гурван сар ажилласны эцэст өмнө барилга дээр хамт ажиллаж байсан залууст дуудагдаж Сөүл хотод орж ирлээ.
ЧОНСУ
Сөүлийн амьдрал болбоос ердөөсөө л өрсөлдөөн. Хэн сайн ажил хийж чадна тэр маргааш нь ч нөгөөдөр нь ч ажилтай байж чадна. Нэг л өдөр залхуурвал тэгээд л дуус. Эхлээд надад байр түрээслэх мөнгө байсангүй. Их гэнэн цайлган дандаа л хүнд тус хүргэж явдаг найзындаа нэлээд хэд хонолоо. Эхлээд ажлаа мэдэхгүй учраас айл нүүлгэх ажил төдийлөн намайг тоосонгүй. Харин найзынхаа эхнэртэй чонсу буюу айл цэвэрлэх ажилд гарсан юм. Эл ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд л хийнэ. Ерөнхийдөө монгол эмэгтэйчууд базчихсан гэсэн үг. Өдөрт хоёр айл цэвэрлээд 130 мянган вонн халаасална. Эл ажлын хувьд элдэв төрлийн хиймийн бодис ашиглаж толбо, бохир зэргийг арилгадаг учраас хортой.
Олон жил айл цэвэрлэсэн эмэгтэйчүүд монголд очоод хорт хавдар туссан тохиолдол өчнөөн байдаг юм билээ.
Айлын нойл, тааз шал, цонх гээд л бүгдийг нь гялтайлгана шүү дээ. Ширхэг ч хялгас үлдээх ёсгүй. Өдөрт хоёр айл цэвэрлэхийн тулд үүрээр гараад л орой орж ирнэ. Хоёр айл нь хоорондоо зайтай бол бүүр шөнийн 10 цагийн үед орж ирэх ч тохиолдол бий. Айлаас гадна элдэв төрлийн албан газрууд, хоолны газар хүртэл цэвэрлэнэ. Нэг захирал дээрээ удаан ажилласан хүмүүс цалин арай илүү авах бөгөөд маргааш ямар хүн ажилд авч гарахаа хүртэл шийднэ. Хэрэвзээ ажлаа мэдэхгүй бол маргааш нь авч гарахгүй. Миний хувьд эрэгтэй тэгээд бага зэргийн өндөр учраас цонх арчиж цэвэрлээд маргааш нь ч ажилд гарч чадсан л даа. Гэхдээ л эрэгтэй хүмүүс гэхээр захиралууд нь жаахан дурамчхан байдаг юм. Хамгийн туршлагтай удааан ажилласан эмэгтэйчүүд нь айлын гал тогоо болон нойл зэргийг цэвэрлэнэ. Ажил дууслаа гэхэд л ахалж яваа хүн нь алчуур бариад л шалгана шүү дээ. Энд ч тийм бохир үлдэж, ийм ч тоостой байна гээд л ёстой залхмаар. Бүүр тавиурны харагдахгүй доод хэсгийг хүртэл алчуураа гүйлгээд л шалгана. Солонгосуудын хамгийн сайн зан чанар л даа. Нэгэндээ хэзээ ч хулхины юм хийж өгдөггүй.
Нэг удаа бүүр хогон дундаа амьдардаг солонгосын гэрийг очиж цэвэрлэв. Хог цуглуулаад л овоолоод байдаг сэтгэцийн өвчин энд их элбэг. Та бүхэн бараг кинон дээрээс харж байсан байх аа даа. Гэхдээ энэ бас зарим газраа их учиртай аж. Зуурдаар нас барсан гэр бүлийнхээ хүний амьдарч байсан оромжийг ингэж хогоор дүүргэж домнодог гэсэн. Нэг ёсондоо мухар сүсэг гэх юм уу даа. Ийм айл цэвэрлэхэд мэдээж цалин тав арван цаасаар нэмнэ л дээ. Гэхдээ там.
ИСА:
Намайг хэд хоног айл цэвэрлэх ажилд шамдаж байх хооронд сургуулиудын амралт эхлэв. Сургуулиудын амралт эхлэхтэй зэрэгцээд анги танхимуудын бүх эд хогшлыг гаргаж улсаас нь засвар хийдэг ажээ. Тус ажил 180 мянган воннын үнэмэлжтэй.
Миний “мачигдаж” /хэн нэгний зар, танил талаар ажил олж ирэхийг ийнхүү нэрлэдэг/ очсон сургуулийн Исаны ажилд надаас гадна 30 гаруй шижигнэсэн монгол залуу цугласан байв. Хаанаас яаж ингэж нэгнээ олоод ирдэг юм бүү мэд. Ёстой л нөгөө сэтгүүлч Э.Энхцолмонгийн бичсэн “Харх” нийтлэл санаанд оржихуй.
Нэг өдрийн дотор л яах ийхийн зуургүй том том тавилгуудыг савлаад цэгцлээд хураахыг нь харах ёстой гайхмаар.
Энэ ажил мэдээж улирлын чанартай учир үсрээд хоёр гурав хоногийн дотор дуусав. Залгуулаад тэр өдөр хамт ажил хийсэн залуучуудтай танилцаж айл нүүлгэхдээ тэд намайг дагуулж явахаар болов. Хүн хүнтэйгээ хэл амаа аятайхан олоод л , биеэ оторлоод байхгүй бол ажилтай л байна. Нэгэн рүүгээ маргаашийн ажил банйа шүү хөгшөөн гарах юм уу гэж ярих нь ямар хайр хүрмээр гэж санана. Тэд зөвхөн хар амиа хичээгээд явж болох л доо. Атал монголчууд тэгдэггүй. Нэгнээ өөд татна чирнэ. Бид л монголчуууд муу хүмүүс мэтээр бодож сэтгэдэг боловч сайн нь муугаасаа хавь илүү олон гэдэгт би амьдралынхаа бүх зүйлээр бооцоо тавихад бэлэн байна.
Айл нүүлгэхэд 5,10,15 тооны ачааг ачна. Тухайн айлыг яг ямар байсан тэр чигт нь ороод амьдрахад бүх зүйл байрандаа байж байхаар тэгэж нүүлгэнэ. Ямар сайндаа л зарим арай дөнгүүр ажил хийдэг нөхдүүд “хүүхний левчик, бандааш аа эвхээд л байна уу” гэж нэгнээ явуулах вэ дээ.
Айл нүүлгэхэд ердөөсөө л 100 хувь болгоомж хэрэгтэй. Айлын эд хогшлыг сагс, тусгай зориулалтын хайрцганд хийж нүүлгэнэ. Унагаж хагалах, хэмхэлчихгүйн тулд маш хичээнгүй өргөх нь нуруу их өвтгөнө. Цаашлаад шкап буйдан, хөргөгч зэргийг зурагдаж хагалхаас сэргийлэн даавуу, зориулалтын сав баглаа боодлоор хучиж битүү скочдоно. Ингэж айл нүүлгэж явахдаа нэгэн айлын зурагтыг эвдэлсэн удаатай. Тухайн өдрийнхөө цалинг өгөөд зогсохгүй өнөөх ажил олгосон газраа тав хоног үнэгүй ажиллаж өгч байж салсан юм даа. Нэг их сүртэй унагаад юманд цохиогүй атал яагаад эвдэрснийг одоог хүртэл би бодоод олдоггүй. Харин сүүлд нь бодоод байх нь ээ эвдэрчихсэн зурагт байсан юм биш биз гэсэн бодол төрсөөн төрсөн. Одоо яалтай билээ.
Над шиг ийнхүү айлын үнэтэй цайтай эд хогшил эвдэлж, өөрөө ч бэртэж гэмтсэн хүмүүс бишгүй олон. Өвлийн цастай, зуны бороотойд крумагаар /түрдэг тэвш/ тэр том машин дээрээс юм буулгана гэдэг аюултай. Наанадаж хөл гараа хуга цохичих гээд хэцүү. Угаас амар ажил гэж байхгүй хэдий ч үргэлж энэ зүйлийг тэвчиж хийсээр дасал болсон ахан дүүсээ харахаар бахархмаар.
Нураалт
Сарын эхээр айл нүүлгэх ажил ховорддог учир нөхөд нураалт хийнэ. Нэг ёсондоо хослуулж байна гэсэн үг. Тэгэж байж ажлаар тасрахгүйхэн шиг аж төрнө. Нураалт гээд хэлэхээр л ойлгомжтой байгаа биз дээ. Тааз, хана, том цемент юу л байна буулгаж хаяна. Өөр дээрээсээ нураах юм бол тэгээд л үхлээ гэсэн үг. Тоос шороо их гарна. Харшилтай хүн ажиллахад бэрх. Тусгай хөрөө багажуудтай харьцдаг учир шууд би мэднэ энэ тэр гэж дайрч орвол бэртэнэ, амь насаа ч алдаж мэдэх ажил юм билээ.
Ажлаа мэддэг хүмүүсийн ихэнх нь дөч тавь эргэм насны хүмүүс байх бөгөөд тэд л багаж ашиглана. Нурааж мэдэхгүй бол хог зөөгөөд л явж байх нь илүү дээр. Сүүлд би ч нураадаг, багаж ашигладаг болсон л доо. Угаасаа хийхээс өөр сонголт байсангүй. Ингэж явахдаа хүзүүн дээрээ төмөр унаган ухаан алдаж, цээж, гуя руугаа шил зоож байсан ч удаатай. Болгоомжтой байсан хэрнээ л хажууд нураалт хийж байсан солонгос өвгөний тэнсэн суманд өртсөн нь тэр.
Нэг удаа хоёр давхрын шатан дээрээс солонгос өвгөн унаад гараа хугалчхав. Хөөрхий минь бас л амьдрахын тулд үхэхээ мэдэхгүй хичээж байгаа нь тэр л дээ. Нураалтын хамгийн хүндрэлтэй зүйл нь нэг өдөр ажиллаад долоо хоногийн дараа ч юм уу цалингаа авдаг. Хэнээс хаанаас цалингаа авахаа мартаж орхино. “Ажил нь дуусаж байж цалин нь орж ирнэ ээ хө” гээд л уячихна. Дундаас нь ажилд гаргасан монгол нь авсан уу, эсвэл үнэнээсээ цаад самүшил нь мөнгөө өгөхгүй байгаа юу ойлгомжгүй удаах нь төвөгтэй.
Энэ мэтчилэн монголчуудад эл газар хийхгүй ажил гэж үгүй тэгбэ, газар тариалан сонгины ажил зэрэг нь үнэхээр хүнд гар хөл сарвайна, нуруу туруу өвдөхийг ярих ч юм биш. Тэр тусмаа шөнийн цагаар ажилладаг тэгбэ, хүлэмжийн хөнжил хуулах ажил зэрэг нь хүний ясыг хүртэл янгинуулна.
Хүн гэхдээ ямар ажлын хүндийг шүд зуугаад тэвчээд гарахдаа цалингаа аваад хурдан явах минь л гэж боддог юм билээ. Хөлийн ул явдалдаа цэврүүтнэ, мөр урагдах энэ тэр юу ч биш. Даваад л гардаг юм байна гэдгийг ойлгосон. Үр хүүхдээ тэжээх гэж зүтгэж байгаа энэ хүмүүсийн хөлс, цусыг харсан хүний хувьд л ингэж бичиж байгаа юм. Эс тэгээгүй бол би солонгост буй хүмүүсийг мөнгөн дээр ирээд суучихсан арслангууд л гэж хардаг тэр бодолтойгоо хэвээрээ үлдэх байлаа шүү дээ.
Аа нээрээ энд байгаа гэр бүлийн хүмүүс, эмэгтэйчүүд буудлын ажил их хийнэ. Би өөрөө хийж үзээгүй тул орхив. Хүмүүсийн дам яриаг сонсох нь ээ тийм ч сайхан ажил бас л биш шиг байгаа юм. Яаж олигтой байх вэ. Элдэв хүмүүсийн баваа шавааны дуунд тэдний үлдсэн бохирыг цэвэрлэх гоё байх уу.
Манай нэг эмэгтэй найз ярихдаа “Үрийн шингэний үнэрт дотор муухайрна. Солонгосууд хэрэглэсэн бэлгэвчээ толинд наачихдаг” гэх мэтчилэн лав л гоё юм яриагүй санагдана.
Элдэв сонин хүмүүс:
Уг нь энд ирээд өч дөчнөөн л сайн хүмүүстэй учирсан сан. Атал тэдний тухай бичих бус аль гайхмаар үйл явдлаар учирсан хүмүүс л түрүүлж толгойд орж ирээд байх юм. Өнөөх ганцаардлаа даван туулж чадаагүй хүмүүс гэсэн үг шүү дээ.
Энд зөвхөн мөртийтэй тоглохын тулд ажиллаж амьдарч буй залуус ч цөөнгүй. Өдөр нь ажил хийж орой нь мөрийтэй тоглоомын газар хэснэ, цахимаар бет бооцоо тавьж олсон мөнгөө салхинд хийсгэдэг нөхөд ч байна. Хүний амьдралыг шүүх эрх надад байхгүй ч юуны төлөө ингэж явдгийг мэдэх юм алга. Цаашлаад 26-хан настай үеийн минь залуу өдөр бүхэн гар хангалга хийхтэй ч таарлаа. Хаа явсан газраа хэнээс ч ичиж санаа зовохгүй үйлдэхийг яана. 50 насны босгыг давсан хэрнээ олсон мөнгөөрөө биеэ үнэлэгч худалдаж аван өдөр хоногийг аргацаадаг нь ч байна. Тэр ах нэг удаа намаас порно кино хэрхэн үздэгийг асуусан гээд л бод. Би хэлж өгсөөн өгсөн. Өөр яалтай билээ.
Монголчуудаа хавчдаг гадуурхдаг, ганцаараа ярьдаг, архины цагаан солио туссан хүмүүс бол хог нэгээрээ. Эдний сэтгэл зүйн эл асуудлыг шийдэх юу байна аа гээд хэсэг бүлэг төрийн бус байгууллагын хүмүүс судалж элчин сайдын яамныхантайгаа ярилцтал лам авч ирье гэсэн гэж байгаа юм даа. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг ийм монголчууд энд хэзээг хүртэл амь зогоохыг хэлж мэдэх юм алга. Ямартай ч сайхан цаг ирээсэй л гэж найдах юм.






