
Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн хамгийн том эвсэл болох Ази-Номхон далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо (ABU)-ны 62 дугаар Ерөнхий Ассамблей Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэ удаагийн түүхэн үйл явдлыг Монголын хэвлэл мэдээллийн салбарын ууган байгууллага, 87 жилийн түүхтэй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ) амжилттай зохион байгуулж буйгаараа онцлогтой.
43 орны өргөн нэвтрүүлгийн байгууллагын удирдлага, уран бүтээлчид, мэргэжилтнүүд нэг дор цугласан энэхүү чуулганы гол сэдэв нь “Медиа ба Үндэсний, соёлын өвийн хамгаалалт” юм. Соёлын өвийг хадгалах, үндэсний онцлогийг дэлхийд таниулахад медиа ямар чухал үүрэгтэй болохыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох болно.
МҮОНРТ энэхүү томоохон арга хэмжээг зохион байгуулснаар зөвхөн Монголын нэр хүндийг олон улсад өргөж буйгаас гадна, үндэсний соёл, уламжлал, өвөрмөц онцлогийг дэлхийн 40 гаруй орны медиа төлөөлөгчдөд таниулах чухал боломжийг бүрдүүлж байна.


Ийнхүү Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз зөвхөн Монгол Улсын төдийгүй бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээж байна










