
“Палестиныг дэмжигч кино урлагийн салбарын ажилчид” байгууллага өнгөрсөн мягмар гарагт Инстаграм нийгмийн сүлжээнд кино урлагийн салбарын ажилчид Израилд киногоо үзүүлж, Израилын байгууллагуудтай хамтран ажиллахаас татгалзаж буй тухай нээлттэй захидлыг нийтэлжээ. Англи, араб, испани, япон, турк, франц болон герман хэл дээр бичсэн уг захидалд кино урлагийн салбарын 1300 гаруй ажилтан нэгджээ.
Тильда Суинтон, Марк Руффало, Хавьер Бардем, Оливия Колман, Риз Ахмед, Эмма Стоун, Уоакин Феникс зэрэг холливүүдийн алдартай жүжигчид Израилыг бойкотолж буй хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлэн, уг захидалд гарын үсгээ зурцгаажээ.
Захидалд кино урлагийн салбарын ажилчид Газын зурваст геноцид явагдах эрсдэлтэй байгаа талаар, Йорданы Баруун эрэг Израилын хяналтад байх нь хууль зөрчсөн явдал гэж үзэж буйгаа илэрхийлцгээжээ.
Өнгөрсөн 8-р сард Палестины кино урлагийн салбарын төлөөллүүд Холливүүдийг Израилын Газын зурваст явуулж буй зэвсэгт хүчний ажиллагааны эсрэг байр суурь илэрхийлэхгүй байгааг буруушаасан мэдэгдэл хийсэн билээ.
Израилын Кино урлагийн болон кино продюссерүүдийн холбоод “Палестиныг дэмжигч кино урлагийн салбарын ажилчид” байгууллагын нээлттэй захидалд гарын үсгээ зурсан уран бүтээлчдийн бойкотыг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Израилын уран бүтээлчид улсынхаа төрийн бодлогыг тогтмол шүүмжилж, палестинчуудтай хамтран ажилласаар ирсэн гэжээ.






