
Украин бүсгүйг галт тэргэнд зэрлэгээр хөнөөсөн этгээдэд цаазын ял оноохыг шаарджээ
23 настай украин бүсгүй Ирина Заруцкаяг Хойд Каролина мужийн Шарлотт хотын галт тэргэнд зорчиж байхад нь 34 настай Африк-Америк гаралтай эр хэрцгийгээр хутгалан хөнөөсөн явдал олон нийтийг цочирдуулаад байна.
Хэрэг явдал 8-р сарын сүүлээр гарсан ба Шарлотт хотын захиргаа өнгөрсөн баасан гарагт галт тэрэгний хяналтын камерын бичлэгийг нийтэлсэн нь нийгмийн сүлжээнд тархаж, олны анхаарлыг татжээ.
И. Заруцкаягийн ард сууж байсан этгээд хутгаар И. Заруцкаягийн хоолойн тус газар багадаа 1 удаа хутгалж, шархадсан бүсгүй төд удалгүй цус алдан унаж байгаа нь галт тэрэгний хяналтын камерт бичигджээ.
Хэргийг үйлдсэн этгээд нь өмнө нь зэвсэглэсэн дээрэм, хулгай гэх мэт хэргээр 14 удаа ял шийтгэл хүртэж байсан бөгөөд энэ сарын 16-нд мөн л шүүх хурлаар орохоо хүлээж байсан нэгэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп И . Заруцкаяг хөнөөсөн этгээдэд цаазын ял оноох ёстой хэмээн мэдэгдсэн бол Шарлотт хотын дарга Вайола Лайлс уг онц ноцтой хэрэг удаа дараа хэрэгт холбогдож байсан этгээд сул чөлөөтэй явж байснаас болж гарсан гэдгийг онцолж, И. Заруцкаягийн үхэлд шүүгчдийг буруутгажээ.
И. Заруцкая 2022 онд Украинаас гэр бүлийнхнийхээ хамт дүрвэж, АНУ-д иржээ. Тэрээр Zepeddie’s нэртэй пиццаны газар ажилладаг байсан ба хэрэг гардаг өдөр ажлаа тараад харьж явсан аж. Галт тэрэгний бичлэгээс бүсгүй ажлынхаа дүрэмт хувцас, саравчтай малгайг өмссөн байгааг харж болох юм.
Уг хэрэг явдалтай холбоотойгоор Америкийн Бүгд найрамдах намынхан, барууны үзэлтнүүд Америкийн шүүх тогтолцоог шүүмжлэн, Бүгд найрамдах намын гишүүн Рэнди Файн удаа дараа хэрэгт холбогдож, шоронд хорих ял эдэлж байх ёстой хэрэгтнийг сул чөлөөтэй явуулж, дахин гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон шүүгчид хариуцлага тооцох тухай хуулийн төслийг конгресст өргөн барина гэдгээ мэдэгджээ. Тэрээр, “И. Заруцкаяг хөнөөсөн этгээдийн өмнө нь үйлдсэн гэмт хэргүүдийг шүүж, сул чөлөөтэй явуулсан 10 гаруй шүүгчид өөрсдөө шүүхийн өмнө зогсох ёстой.” гэжээ.
Эх сурвалж: BBC






