
Монгол Улсын хоёр том намын нэг болох Ардчилсан Нам даргаа сонгож О.Цогтгэрэлийг томиллоо.
Одоо МАН-ын ээлж. Ерөнхийдөө ойлгомжтой. Г.Занданшатар, У.Хүрэлсүх тэргүүтэй 1970-аад оныхон, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 1980-аад оныхон гэсэн зодоон хэдийнэ эхлээд, түмэн мэдчихсэн гэж байгаа.
Их тэнгэр дэх уулзалт, Архангайн Цэнхэрийн уулзалт зэргийг хэвлэлүүд ч биччихсэн. Гол нь үе хоорондын зодоон гэж дөвчигнөхөөс илүүтэйгээр үзэл санаа, үнэт зүйл, эх орны эрх ашиг л нэгдүгээрт байвал…Намын дотоод асуудлыг үе хоорондын “зодоон” болгож дэвэргэх зүйтэй юу л гэдэг асуудал.
Л.Оюун-Эрдэнэ бодож байна…
МАН-ын гишүүд, зарим удирдлагууд их хурлаа яаралтай хуралдуулах шаардлагыг хүргүүлсэн. Уг нь Улс төрийн намын тухай хуулиар бүх нам их хурал буюу төлөөллийн байгууллагаа 2026 оноос өмнө хуралдуулж, дүрэм, зорилго чиглэл, бүтэц зохион байгуулалтыг авч хэлэлцэх ёстой.
Гэтэл намын дарга Л.Оюун-Эрдэнэ их хурлаа хийхгүй удаад байгаад их учир бий. Тэр тохироо, дараагийн нүүдлээ бодож байгаа юм. МАН-ын дүрмийн 24.3-д “УИХ-д олонх болсон намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт бий. Энэ заалтаа яаж ашиглах уу?
Шинэ, хуучин дүрэм журам алинаар нь явбал түүнд ашигтай байх вэ? гэх мэтчилэн олон олон асуултад төөрчихөөд Д.Амарбаясгалан найзыгаа шахаад сууж байгаа.
Уг нь тэр ойчихдоо нутгийн “ТОМ АХ”-тайгаа намаа авах тохироо хийсэн боловч түүний ах нэг мөсөн арчихаар үзэж буй. Одоогийн Л.Оюун-Эрдэнийн “гилийн тотиго” нь гэгдэж буй Д.Амарбаясгаланг улиг болсон “Бор тээг”, ЖДҮ” зэргийг нь шар сайтууд, хямдхан хэвлэлүүдээр бичүүлж, олон нийтэд шидэж өгөөд эхэлчихсэн.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн бодож бодож нүүх дараагийн шаглаа юу байх вэ гэдэг л анхаарал татаж буй.
Ямартай ч тэр “эморчихсон” яваа мэт харагдавч ах нартаа сануулга болгож хоёр гурван пост цахимдаа нийтэлчихсэн.
Урвуу яваа Г.Занданшатар
Г.Занданшатарын хувьд У.Хүрэлсүхийн урт холын төлөвлөгөөг биелүүлэх, гартаа атгасан улаан чулуу.
Тойрогтоо ялагдсан, гишүүн биш. “УИХ-д олонх болсон намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг араас нь тууж яваа гэх мэт шалтгаанууд бий. Гэхдээ түүнийг намаа авна хэмээн хэвлэлүүд ч бичээд эхэлчихэж. Түүнд Ерөнхийлөгчийн дэмжлэг, Я.Содбаатарын эрх ашгийн түншлэл бий.
“Дайнд хөөрөгсөд”
Мэдээж олон мянган гишүүнтэй МАН-ын дарга сонгох асуудал учраас саяын Ардчилсан намтай адил Б.Отгонбат, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа зэрэг нөхөд шиг цөс нь хөөрсөн нөхөд гарч ирэх байх. Тэд тэгсгээд л нэрээ татна. Ерөнхийдөө Г.Тэмүүлэн магадгүй ч Л.Оюун-Эрдэнэ ахынхаа цайллагад очсон гэх яриа бий.
Ардчилсан намынхан дотоод ардчилал нэрээр эвээ олохгүй олон сонгуулийн ард ялагдал хүлээж, одоо л шороотой өвдөгөө гөвж, намын хурлуудаа эвтэйхэн хийж, эв зүйгээ ололцоцгоосон. Одоо ууган улс төрийн нам үеийн тулаанаасаа болж нам дотроо эвээ олохгүй, эрх ашгаа хамгаалсаар байх уу гэдэг нь тэдний шийдвэр.
Залуу үеийн хүлээлт ялах уу, ах нарын дарангуйлал тогтох уу гэдгийг энэ намар өрнөх улс төрийн “тулаан” шийднэ.
Харин та бид цахим орчинд урсах үнэн, худал нь ялгагдахгүй жиргээ, постод хэрсүү ухаанаар хандах нь зүйтэй биз ээ.
Сэтгүүлч: Н.Гэрлийнтусгал






