
Харүмафүжи Д.Бямбадорж “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллагатай хамтран эрүүл мэндийн салбарт 31 түргэний тэрэг хандивлажээ
Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж 2008 оноос эхэлж “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллагын хүрээнд Монголын эрүүл мэндийн салбарт иж бүрэн тоноглолтой түргэн тусламжийн тэрэг хандивладаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв (СЭМТ) болон “Тирео Мед” эмнэлэгт түргэн тусламжийн авто машин хандивлалаа.
“Шинэ Монгол Харүмафүжи” сургуультай хамтран хэрэгжүүлдэг уг арга хэмжээний ачаар Монголын эрүүл мэндийн салбарт сүүлийн 17 жилийн хугацаанд бүрэн тоноглолтой 31 түргэн тусламжийн
тэрэг бэлэглэсэн юм. Энэ талаар их аварга Д.Бямбадорж ярихдаа “Миний аав цагдаа хүн байсан. 2006 онд ажлаар Говь-Алтай явчхаад буцах замдаа Өвөрхангай аймгийн ойролцоо автомашины ослоор бурхан болсон. Тэр үед
би 22 настай, ид барилдаж байсан үе. Ослын дараа аавтай минь цуг байсан хүмүүсээс болсон зүйлийн талаар асуухад хээр талд осолдсон учраас замын унаанд суугаад эмнэлгийн тусламж авах гэж маш их цаг алдсан гэж ярьдаг. Хэрвээ Японых шиг бүх тоног төхөөрөмжтэйгөө түргэн тусламжийн тэрэг байсан бол миний аавыг аврах байсан байхдаа гэж дотроо их боддог. Ингээд 2007 оноос хойш над шиг ийм хэцүү, гомдолтой байдалд хүмүүсийг бүү ороосой, нэг ч гэсэн хүний амь нас аврагдаасай гэж бодоод эх орныхоо эрүүл мэндийн салбарт түргэний машин хандивлах болсон” гэж ярьжээ.
Их аваргын аав Р.Давааням нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат. Тэрбээр 1980 онд улсын начин, 1987 онд улсын заан цол хүртсэн. Улсын баяр наадамд зургаан удаа шөвгөрч, “Өрнөн дэлгэрэх” чимэгтэй хүчтэн байсан юм.






