
Баруун монгол ардын дууч, МУГЖ Ж.Эрдэнэдалай ярилцлаа.
Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар тэр Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.
Цол тэмдэг хүртсэн даруйдаа хэд хэдэн аймгийн 1000 гаруй малчны хотонд өөрийн биеэр очиж “Журай гэлдэн” нэртэй үнэгүй тоглолт хийж яваад ирэхэд нь бид уулзаж хөөрөлдсөн нь энэ. /Тэр энэхүү үнэгүй тоглолтоо томоос том буян хэмээн онцолсон юм/
ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ:
-Их завгүй явах шиг. МУГЖ болоход ингэтэл их хөдөлмөрлөдөг байх нь ээ?
-Энэ зун тун завгүй явлаа. Энэ сайхан цол тэмдгээр шагнуулчихаад зүгээр суугаад байж болохгүй. Ард түмнээс өгсөн ийм сайхан хүндэтгэлийг буцаагаад тэдэнд зориулах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас 1000 гаруй малчны хотонд өөрийн биеэр очиж үнэгүй тоглолт хийгээд ирлээ.
Хөдөлмөрийн тухайд гэвэл энэ миний 40 гаран жилийн хичээл зүтгэл байлаа. Үүнээс том баяр гэж юу байх вэ.
“БУРХАН ХҮНЭЭС НЭГИЙГ АВАХДАА ӨӨР НЭГИЙГ ӨГДӨГ Л ЮМ БИЛЭЭ”
-40 гаран жил гэхээр их л багаасаа урлагт хөл тавьжээ. Анх хэрхэн урлагт оров?
-Би чинь бага залуудаа урлаг хөөж явдаггүй байлаа шүү дээ. Сагсан бөмбөг, хөлбөмбөг гэх мэтчилэн спортын бүх төрлөөр үздэг хүү байсан юм. Гэтэл 17 насандаа хараагүй болсон.
Бурхан хүнээс нэгийг нь авчихаад өөр нэг зүйл өгдөг л юм билээ. Тэр нь урлагт хөл тавих байсан юм даг уу даа. Манай дүү нар их авьяастай хүүхдүүд байсан.
Хараагүй болж хичээл завсардсан хүн чинь юу хийх вэ гэж их л бодсон. Тэгээд урлагт орохоор шийдэхгүй юу. Дүү нараараа хөгжим тоглохыг заалгасан юм. Анх ч олон гитар, мандолин хугалсан даа.
-Гэнэт л хараагүй болох хэцүү байсан байх. Хэрвээ нууц биш бол юунаас болов?
-Сайхан байгаагүй.
17 настай спортын хүн хараагүй болно гэдэг сүйрэл байлаа. Тархины доргилт янз янзын л юм нөлөөлсөн. Хараагүй болсон дараагаа би их ууртай хүн болсон доо. Тэгээд л гитар хугалж эвдлээд байдаг байсан. Харин тэр бүхнээс ангижрахын тулд л урлагийг сонгосон. Миний аврал байсан гэх юм уу даа. Ерөнхийдөө 17 насандаа хараагүй болчихоод яах вэ гэж их бодож суусан би бээр эцэст нь урлаг л аврал, гаргалгаа нь юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс хойш бол ёстой зүгээр суугаагүй тасралтгүй хөдөлмөрлөж энэ зэрэгт хүрсэн л гэж боддог доо.
“ДУУГАА ХИЙХ ГЭЖ ГРҮППИЙН ЗЭЭЛЭЭ ТУЛТАЛ АВДАГ БАЙЛАА”

-Энэ хугацаанд танд олон олон бэрхшээлүүд тулгарч байсан байх. Та хэрхэн даван туулж байв?
-Амар байгаагүй. Тэглээ гээд шантраагүй. Одоо больё гэж нэг ч удаа бодоогүй юм даг.
1990-ээд оны эхээр хөдөөгүүр тоглолтод яваад нэг ч төгрөггүй гэртээ орж ирж байсан түүх ч бий. Хэцүү шүү дээ.
Урлагийнхан тэр чигтээ л ганзагын наймаанд явж байлаа. Хараагүй би яах вэ дээ үлдэнэ биз дээ. Эзэнгүй хээр, цөл газар автомашины шатахуун дуусчихаад хэдэн өдөр өлсөж цангаж ч л явлаа. Тэглээ гээд больсон бол өдийд би хэн байх байсан бол.
-Чи юу гэж бодож байна?
-Мэдэхгүй.
-Тийм ээ мэдэхгүй нэгэн л байх байсан. Харин тэгж явсных өнөөдөр Би Монгол Улсын 16 ястны дунд дуулагддаг, мартагдах дөхсөн 16 ястны дууг амилуулан дууллаа шүү дээ. Энэ дуунуудыг клипжүүлэх гэж би группийн зээлээ тултал авдаг байлаа. Дууны клип, аранжрок хийхэд зарцуулсан даа. Одоо харин харьцангуй энэ ястнуудын дууг нийт Монгол туургатнууд маань мэддэг болжээ. Энэ л миний утга учир гэх юм уу даа.
“ЖУРАЙ ГЭЛДЭН” ДУУН ДЭЭР БИЕЛСЭН ХҮМҮҮС ТАЙЗНЫ ЗАХ РУУ УНАЖ БАЙЛАА
-Нээрээ таны өвлөн уламжилж олонд таниулсан “Журай гэлдэн”, “Шигширгийн ай” гэх мэт ардын дуунуудыг мэдэхгүй хүн ховор доо. Өвөрмонгол, Халимаг, Буриадууд хурим дээрээ их дуулуулдаг гэж сонссон?
-Ах нь гунигийн дуу дуулж чаддаггүй юм. Миний дуулдаг бүх ардын дуу их цоглог шүү дээ. Яаг үнэндээ ард түмний л амьдрал энэ дуунуудад шингэсэн байгаа юм.
Саяхан би Өвөрмонголд 1000 гаруй хүнтэй хуримд “Журай гэлдэн” дууг дуулсан юм. Тэгтэл тэр чигтээ босож ирээд л тайзан дээр биелсэн. Тэр дунд тайзнаас унах нь унаад л ёстой бут авч байгаа юм. Тэгээд би бодож байсан юм, хэдий нэгэн улсад харьяалагдахгүй байгаа ч гэсэн элэг нэгт ахан дүүс минь хүртэл ингэтэл баярладаг болж дээ гэж. Үүнээс өөр баяр цэнгэл байгаагүй. Тэд ядаж миний дуулахыг сонсоод баярлаж байна шүү дээ.


-Та энэ асуудал дээр их эмзэглэж явдаг бололтой?
-Эмзэглэх юу байх вэ. Хувь тавилан ийм бололтой. Харин би Монгол туургатан, гүрэн гэж ярих дуртай байдаг. Том гүрнүүдэд л хуваагдаж суурьшсанаас биш манай улсын ястан үндэстнүүд 80 саяулаа шүү дээ. Нэг хэл соёлтой тийм хүмүүс байдаг гэж бодохоор их сайхан.
-Та эх орондоо хэр их хайртай вэ?
-Хайрлахгүй байхын аргагүй шүү дээ. Газар шороо, хэл соёл, ард түмний цайлган сэтгэл гээд л ярих юмгүй. Хайртай учраас магадгүй ястнуудын дууг сэргээж, ритмлэг, болгон дуулж байгаа юм болов уу. Энэ хэл соёлыг дуу хуур бүжиг, бичиг үсэг энэ зүйлсээр дамжуулж мартуулахгүй байх нь миний зорилго. Хэрэв мартчихвал би, бид хэн болох вэ.
Баруун аймгаас орж ирсэн хүүхдүүд маань хэл соёлоосоо их ичээд байх шиг санагддаг. Халх түмэн минь ч зарим нь шоолоод байх шиг. Гэхдээ яах вэ буцаад сэргэж байгаа. Гол нь тэгж ичиж, бас битгий шоолоорой гэж хэлмээр санагддаг юм. Тэр хэлэнд л бидний үүх түүх, соёл бий. Тиймээс тэр нэг утга учиртай зүйлийг өөрийн биеэр тээж явна гэж бодох хэрэгтэй байх гэж би боддог доо.
“МИНИЙ СЭТГЭЛИЙН НҮД ХАРАА ОРСОН”
-Ерөнхийлөгчөөс МУГЖ цол тэмдэг аваад зогсож байхад ямар мэдрэмж төрсөн бэ. Нэг бичлэг үзэж суусан уйлах нь уу гэлтэй байсан?
-Яг уйлах гэж байсан. Гараад ирсэн Ю.Цэдэнбалын талбай дээр олон мянган хүн цуглачихсан гурван удаа уухайлсан. Хэнд ч үнсүүлээд байгаа юм бүү мэд. Тэр үед л би “төр үнсэнэ” гэж энэ юм байна гэж бодсон. Ард түмэн намайг үнсэж байхад хоолой зангирахгүй гээд яах юм бэ.


-Ард түмний тэр их хайр хүндлэл халгиж, цалгиж байх үед юу бодогддог юм байна?
-Хүний аав, ээж л санаанаас гардаггүй юм билээ дээ. Шагнал авчихаад аав, ээжийнхээ газар дээр очиж эргэж тойрсон.
Миний аав, ээж хоёр талх хийдэг хүмүүс байсан юм. Аав бас хөгжим тоглодог хүн байсан. Ах дүүсээрээ аав ээжээсээ талх нууж авдаг байсан дурсамжууд ой тойнд эргээд их сонин санагдсан. Тийм л юм бодогдсон доо.
-Сайн, сайхан аав, ээжтэй байжээ. Одоо цаашдаа ямар уран бүтээл туурвия гэж бодож байна?
-Миний уран бүтээлүүд орсон “Журай гэлдэн” нэртэй цомог худалдаанд гарч байгаа. Тэр цомог дээрээ л нэлээд суулаа даа. Уг нь аймгийнхаа 100 жилээр гаргана гэж бодсон ч хэвлэлтээс гаралгүй байсаар өнөөг хүрсэн. Сая дээжээс нь ирж байх шиг байна.
Би одоо үндэсний болон, элдэв төрлийн 10-аад хөгжим тоглож чадна. Саяхан нэмээд Нуман хуур гэдэг хөгжим тоглож сурлаа. Мөн хараагүй залуучуудын “Цацал” хамтлаг гэж байгуулсан. Хамтлагаа сайхан болгоно гэх мэтчилэн олон олон ажил шил шилээ дараад л хүлээж байна даа.
-Таныг анзаараад байхад зүгээр сууж чаддаггүй хөдөлмөрч хүн бололтой. Өглөө хэдэн цагт босож байж энэ их ажлыг нэгэн зэрэг амжуулдаг вэ?
-Өглөө дөрвөн цаг өнгөрөөд л босдог болсон. Насных байдаг юм уу, яадаг юм бүү мэд. Дөрөв өнгөрөөж босоод л өнөөх шинээр сурч буй Нуман хуур гэдгээ давтаж байгаад гарч ирлээ. Уг нь өчигдөр 10 цаг өнгөрч байхад хөдөөгөөс ирсэн юм. Маргааш бас л Өвөрмонгол руу хөдлөх болох нь дээ. Чи харин амжиж яриа авч чадлаа шүү.
-Тэглээ. Их сайхан яриа болсон байх. Танд маш их баярлалаа.
-Зүгээр дээ. Эцэст нь хэлэхэд урлаг л биднийг хараа оруулна шүү. Ах нь харахгүй байгаа ч гэсэн сэтгэлийн нүд маань хардаг юм. Сайн сайханд үргэлж тэмүүлээрэй залуус аа.






