
Америкийн Vogue сэтгүүлийг дэлхийд гаргасан Анна Винтур албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болжээ
Тэрбээр Америкийн Vogue загварын сэтгүүлийн ерөнхий редактораар сүүлийн 37 жилийн турш ажиллаж, Vogue сэтгүүлд шинэ уур амьсгал оруулж, дэлхийн тэргүүлэгч хэвлэл болгож чадсан.
Vogue олон улсын сэтгүүлийн редакцын дарга, Vogue сэтгүүлийг эрхлэн гаргадаг Condé Nast компанийн контент хариуцсан захирлаар ажиллахаар болсон явдал олны анхаарлыг ихээр татсан мэдээ болоод байгаа билээ.

Английн Лондон хотоос гаралтай А.Винтур 1988 онд Америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактораар томилогдохоосоо өмнө Их Британийн Vogue сэтгүүлд ажиллаж байжээ. Карьерынхаа туршид Анна Винтур загварын ертөнцийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон юм.
Америкийн Vogue сэтгүүлд орсон даруйдаа Анна Винтур Vogue сэтгүүлийн нүүрийг жийнсэн өмд өмссөн загвар өмсөгчийн зургаар чимж, тогтсон жишиг уламжлалыг эвдэж, олны анхаарлыг татсан юм. Дараа жил нь буюу 1989 оны 5-р сард А.Винтур Vogue сэтгүүлийн түүхэнд анх удаа нүүр хуудсанд загвар өмсөгч бус энтертайнмент салбарын од, поп дуучин Мадоннагийн зургийг нийтэлжээ.


Америкийн сэтгүүлд ажиллаж эхлээд нэгхэн жилийн дотор Анна Винтур цаг үеэ мэдэрдэг, ажлаа сайн мэддэг нэгэн гэдгээ баталж, Vogue сэтгүүлийг орчин үеийн, хүртээмжтэй хэвлэл болгож чадсан юм.
Мадоннагаас хойш А.Винтур Vogue сэтгүүлийн нүүрийг улс төрчид, хаад хатад, зохиолчид, спортын тамирчид гээд салбар салбарын одуудаар чимж, зураг авалтууддаа үнэтэй тансаг брэндийн хувцаснуудыг боломжийн үнэтэй хувцаснуудтай хослуулж ирсэн юм.
Тайрмал шаргал үс, хар нүдний шилээ нэрийн хуудсаа болгосон А.Винтурт 2017 онд Английн хатан хаан Элизабет загварын болон сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хүлэг баатрын хэргэм олгож байсан юм.


1984 онд А.Винтур Өмнөд Африк гаралтай сэтгэл засалч Дэвид Шаффертэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ. 1999 онд А.Винтур, Дэвид Шаффер нар салж, 2004 онд А.Винтур хөрөнгө оруулагч Шэлби Брайантай гэрлэсэн ч 16 жилийн дараа хоёр тийш болжээ.


А.Винтурын туслахаар ажиллаж байсан Лорен Вайсбергер 2003 онд өөрийн Vogue сэтгүүлд ажиллаж байсан туршлагаасаа санаа авч “The Devil Wears Prada” нэртэй ном гаргасан нь 2006 онд уран сайхны кино болсон юм. Уг кинонд жүжигчин Мерил Стрип Runway загварын сэтгүүлийн ааштай редакторын дүрийг бүтээснийг хүмүүс Анна Винтураас сэдэвлэсэн дүр гэж үздэг билээ.












