
Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос зохион байгуулж буй Дэлхийн аврга шалгаруулах тэмцээн энэ сарын 04-ний өдөр эхэлсэн.
Английн Ливерпүүл хотноо 10 хоногийн турш дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүд тулалдаж байна. Монгол Улсаас энэ удаагийн ДАШТ-д 10 боксчин өрсөлдөж буй.
Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 66 орны 540 боксчин 80 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээнд Парисын олимпийн рингнээс медаль хүртсэн 17 тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний хоёр дахь өдрөөс буюу (2025.09.05)-наас Монголын боксчдын тулаан эхэлсэн.
- Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ М.Энхжаргал Австралийн Жули Рамадантай тулалдаж, хажуугийн шүүгчдийн 4:1-ийн саналаар илүүрхэж ялалт байгуулсан.
- Эрэгтэйчүүд 65 кг-ийн жинд хүч үзсэн Б.Мишээлт Ираны бокчинтой тэнцүүхэн тоглоод ялагдав.
- Эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран Украйны тамирчин Маринчук Ярославатай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгууллаа.

- Эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-эрдэнэ Литви улсын тамирчин Александр Трофимчуктай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгуулав.


- Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Лундаа Гүрж улсын тамирчин Артюш Гомцянтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгууллаа.
- Эмэгтэйчүүдийн 60 кг жинд М.Намуун БНХАУ тамирчин Яанг Ченгүтэй тулалдаж ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.


- Эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан Швед улсын тамирчин Ибрахим Небил тулалдаж 2 дугаар үед хүч техникийн давуу байдлаар ялалт байгууллаа.


Энэ удаагийн ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Эмэгтэй:
48 кг Л.Алтанцэцэг
51 кг Б.Мөнгөнсаран
54 кг О.Есүгэн
57 кг М.Энхжаргал
60 кг М.Намуун
Эрэгтэй:
50 кг А.Баттулга
55 кг Х.Билгүүнсайхан
60 кг Г.Лундаа
65 кг Б.Мишээлт
70 кг О.Бямба-эрдэнэ
Дасгалжуулагч:
Пинеро Рубин Санчез
О.Батхүү
Ж.Еркин нар ажиллаж байна. Энэ удаад боксын Үндэсний шигшээ баг дээр ахлах дасгалжуулагчаар Куб мэргэжилтэн Пинеро Рубин Санчез ажиллаж байгаа нь онцлог юм.


Анхны тэмцээн нь 1974 оны 8 сарын 17-ноос 30-ны хооронд Кубын нийслэл Хаванад зохиогджээ. Харин эмэгтэйчүүд 2001 оноос аваргаа шалгаруулж эхэлсэн байна. Сүүлийн үед сонирхогчдын боксыг олимпын бокс гэж нэрлэх болсон байна. Учир нь энэ төрөл нь мэргэжлийн боксоос дутахааргүй ур чадвар шаарддаг спорт юм.
Монголын боксчдын ДАШТ-ий амжилтууд:
Манай боксчдоос П.Сэрдамба ДАШТ-ий цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан алдрыг хүртээд байна. Энэ хоёроос гадна Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медаль хүртэж байв.
ДАШТ-ий медальт монгол боксчид:
- Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг, мөнгө
- Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993” 48 кг, хүрэл
- Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг, мөнгө
- Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг, мөнгө
- Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг, алт
- Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг, мөнгө
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009” 64 кг, хүрэл
- Пүрэвдоржийн Сэрдамба “Баку-2011” 48 кг, хүрэл
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Алматы-2013” 64 кг, хүрэл
- Доржнямбуугийн Отгондалай “Хамбург-2017” 60 кг, хүрэл
- Мягмардуламын Нандинцэцэг “Дели-2018” 54 кг, хүрэл
- Эрдэнэбатын Цэндбаатар “Екатеринбург-2019” 57 кг, хүрэл
- Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023” 48 кг, мөнгө
- Мөнгөнцэцэгийн Энхжаргал “Дели-2023” 54 кг, хүрэл
- Баатарсүхийн Чинзориг “Ташкент-2023” 63.5 кг мөнгө
- Баттөмөрийн Мишээлт “Ташкент-2023” 67 кг хүрэл медаль тус тус хүртэж байв.






