
ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Анна Цивилева Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын үеэр ОХУ дээд доод мөчдийн протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон тухай мэдэгджээ.
Түүний хэлснээр Украинд тулалдаж байгаад шархдан эх орондоо эргэн ирсэн орос цэргүүд тус улсын протезын үйлдвэрлэлд ахиц дэвшил гарахад гол түлхэц болж өгчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд Украинд Оросын 700 мянга орчим цэрэг тулалдаж байгаа тухай дурдаж байсан ба Москва Украинд явуулж буй дайнд амь үрэгдсэн болон шархадсан цэргүүдийнхээ тоог чандлан нууцалсаар ирсэн билээ.
Их Британийн Батлан хамгаалахын яам 2022 оны 2-р сарын 24-нд ОХУ Украин руу довтолсноос хойш амь үрэгдэж, шархадсан орос цэргүүдийн тоо 1 саяыг давсан хэмээн мэдэгдсэн бол АНУ-д төвтэй Стратеги, Олон Улс судлалын төв Украинд Оросын 250 мянга цэрэг амь үрэгдэж, 950 мянга гаруй цэрэг шархадсан гэсэн тооцоо гаргажээ.
Оросын засгийн газраас танилцуулсан статистик мэдээгээр 2024 онд тус улсад иргэдэд нийлүүлсэн дээд доод хиймэл мөчдийн тоо 2021 оныхоос 60 мянгаар олон буюу 65 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Протезын бизнесээс гадна ОХУ-д оршуулгын үйлчилгээний эрэлт ч мөн нэмэгджээ. 2025 оны 1-р сараас 4-р сарын хооронд оршуулгын үйлчилгээний салбарын орлого өмнөх жилийнхээс 12.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Батлан хамгаалахын орлогч сайд А. Цивилевагийн хувьд Ерөнхийлөгч В. Путины үеэлийн охин гэгддэг ба В. Путины ойрын хүн, ОХУ-ын Украинд явуулж буй дайныг дэмжигч гэдгээр нь АНУ, Европын холбоо болон Их Британи улс түүнийг хар жагсаалтад оруулсан юм.
Эх сурвалж:The Guardian






