
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын хүнд халдварласан тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдсан юм.
Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач эмч н.Өлзийсайхан дараах мэдээллийг өглөө.
Тарваган тахал өвчин бүртгэсэнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Онцгой комиссыг 2025 оны есдүгээр сарын 4-нд шөнийн 02:00 цагт хуралдуулж аймгийн хэмжээнд Цагаан-Уул болон Мөрөн сумуудад хөл хорио тогтоох тогтоол гаргуулсан.
Үүнийг дагаад хавьтал судлалын үйл ажиллагаагаа эрчимжүүлж үргэлжлүүлсэн. Есдүгээр сарын 4-нд шөнийн байдлаар хавьтал судлалыг бүрэн тогтоосон гэж үзэж байгаа.
Нэгдүгээр хавьтал болох 64 хүнийг тогтоогоод, 42 хүнийг Аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан. 20 хүнийг гэрээр тусгаарласан байна. Хоёр тохиолдлыг Цагаан-Уул сумд тусгаарлаж нэгдүгээр хавьтлын бүрэн хяналтдаа авсан.
Хоёрдугаар хавьтлын 30 орчим хүнтэй холбогдож гэрийн тусгаарлалтад байх халдвар хамгааллын дэглэм барих чиглэлээр зөвлөмж зааврыг өгсөн.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвартын тасгийн сэхээн амьдруулах тасагт өвчилсөн иргэн болох иргэн Э-г шилжүүлэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Иргэн Э маш хүнд гэсэн ангилалтайгаар эмчлэгдэж байгаа.
Тухайн хүнийхээ эмнэл зүйн байдлыг ажиглаад булчирхай хэлбэрийн тарваган тахал байх магадлалтай гэсэн эмнэл зүйн байдлыг харж үнэлэлтээ өгч үзэж байна.
Мөн хөл хорио тогтоосон байдлаа хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмд шилжүүлэх мөн тарваган тахлын голомттой бүс нутгуудыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх чиглэлээр саналыг оруулсан.






