
Бүх ард түмний VI дугаар спартикад буюу Монголын дотоодын олимп эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. 64 жилийн түүхтэй тус наадам дотоодын томоохон арга хэмжээ юм.
Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болно. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө өрсөлдөх ба Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөх юм.

БТСУХ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга: Спартикад наадам нь шигшээ багийн тамирчдад томоохон сорилго болж өгдөг


-Монголын бүх ард түмний XVI дугаар их наадам энэ онд зохион байгуулахаар Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд бэлтгэлийг хангаж байгаа. Энэ наадмыг журмын хүрээнд Баянхонгор аймаг ерөнхий зохион байгуулалтыг нь хариуцаж ажиллаж байна. Нийтдээ спортын 28 төрлөөр зохион байгуулагдана.
Паралимп, дифлимп, тусгай олимпын тамирчид спортын 8 төрлөөр Улаанбаатар хотноо өрсөлдөнө
Бэлтгэл ажлын хувьд ер нь нэлээн сайтар хангагдсан. Дараа дараагийн тэмцээнд оролцох тамирчдын хувьд томоохон сорилго болж өгдөг. Олимпын дараа жил зохион байгуулах зохицуулалттайгаар төлөвлөдөг бөгөөд олимпын дараа жил зохион байгуулж буй нь мэдээж дараагийн олимпын циклд л оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, энэ боломжийг нь бас спортын холбоодод олгож байгаа ийм ач холбогдолтой наадам байгаа юмаа. Олимпын төрлийн спортын тамирчид ихэвчлэн орохоос гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ спортыг давхар оруулаад 8 төрлөөр зохион байгуулна. Үүгээрээ онцлог.
Энэ жил Бүх ард түмний спартикад наадамд паралимп, дифлимп, тусгай олимпын төрлүүдээс оруулан тэмцээнээ зохиож байгаа. Эдгээрээс 8 төрлийн тэмцээн орж ирж, зохион байгуулагдахаар болж байгаа. Хөгжлийн брэхшээлтэй иргэдийн энэ наадам нь Улаанбаатр хотноо болж, бусад төрлүүд Баянхонгор аймагтаа зохиогдоно.


Хүндийн өргөлтийн олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэл: Бүх ард түмний спартикад наадамд хүндийн өргөлтийн төрөлд 100 гаруй тамирчин оролцоно
-Бүх ард түмний спартикад Баянхонгор аймагт 9 дүгээр сарын 15-нд нээлтээ хийж эхэлнэ. Манай хүндийн өргөлтийн тэмцээний хувьд 16-17-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Худалдаа хөгжлийн дээд сургуулийн зааланд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Манай холбооны хувьд 15-аас дээш насны тамирчид буюу Олон улсынхаа дүрмээр бэлтгэсэн тамирчид оролцоно.
Одоогийн байдлаар 104 тамирчин албан ёсоор бүртгүүлчихсэн бэлтгэлээ хангаад явж байна. Хүндийн өргөлтийн холбооны зүгээс томилогдсон олон улсын зэрэгтэй болон улсын зэрэгтэй 21 шүүгч тэмцээнийг шүүн явуулна. Бүх ард түмний спартикадад насанд хүрсэн, өндөр зэрэгтэй тамирчид маань оролцоно. Өчигдөрхөн би холбооноос мэдээлэл авлаа.
Холбооны зүгээс 10 сарын 1-нээс 13-ны хооронд Норвегийн Форте хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д манай холбоо оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Миний хувьд бол ДАШТ-д шүүгчээрээ оролцоно. Үүний дараа Хүүхдийн спортын 3 дугаар наадам буюу Азийн спортын III дугаар наадам Бахрейн улсын Манама хотод болно. Энэ тэмцээнд манай тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна. Мөн миний хувьд шүүгчээр оролцохоор ингээд төлөвлөөд ажиллаж байна.


Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд спортын томоохон арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай бөгөөд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “МХБХ-ны футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн”, 2022 онд бадминтоны өсвөр үеийнхний УАШТ, 2023 онд Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, 2023 онд Монголын волейболын холбооны клубуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.
1961 оноос эхлэн Монголын бүх ард түмний спартакиадыг дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа биеийн тамир спортын шинэ төрлүүдийг орон нутагт дэлгэрүүлэхийн зэрэгцээ спортын шинэ амжилтыг тогтоох, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөн олныг хамруулахад чухал үүргийг гүйцэтгэж ирэв.
Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж анхдугаар наадмыг зохион байгуулахад өвөл, зуны спортын нийт 17 төрөлд бүх шатны тэмцээнд 130 мянга гаруй тамирчин оролцсоноос спортын зэргийг шинээр 1134 тамирчин, үүний дотор спортын мастерын болзлыг 21 тамирчин биелүүлж, улсын дээд амжилтыг 29 удаа шинэчлэн тогтоож байв.
Харин 2008 оноос Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд (паралимп, дифлимп)-ийн спортыг хамруулан өргөжүүлсэн байна.
Монголын бүх ард түмний спартакиад: 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын бүх ард түмний спортын наадам: 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв.
Анхдугаар наадам (1961 он)-ын өвөл, зуны төрөлд “Алдар”, “Булган” нийгэмлэгүүд тэргүүлсэн бол отгон наадам (2022 он)-д дүүргүүдээс Баянзүрх (101 медаль), аймгуудаас Хэнтий (49 медаль) аймаг тэргүүлсэн билээ.
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






