
Монгол Улсын төсвийг иргэд, аж ахуй нэгжүүдийн төлсөн татвараар бүрдүүлдэг. Эргүүлээд иргэд, аж ахуй нэгжүүдийн төрөөс авч буй үйлчилгээг үзүүлж байдлаг төрийн албан хаагчдын цалин, тэтгэмж, ахмад настын тэтгэвэр, халамжийнн тэтгэмж байдлаар урсгал зардлыг хуваарилж, төсвөөс зарцуулдаг.
2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого буюу татварын орлогоос бүрдүүлэх нь 31.6 их наяд төгрөг байх бол дээр хэлсэнчлэн урсгал зардалд 24.1 их наяд төгрөгийг төсөвлөжээ.
Ирэх оны төсвийн хуульд “Татварын хувь хэмжээг бууруулах, буцаан олголт, хөнгөлөлтийг нэмэгдүүлэх, татварын хугацааг уян хатан болгох татварын бодлогыг хэрэгжүүлэх” бодлогыг баримтална.
Төсвийн орлогыг бүрдүүлэх татвар тус бүрээр задалбал,
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар –
Ирэх онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байж, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 102,400.0 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна.
Засгийн газар гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлж, борлуулалтыг эрчимжүүлэн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, уул уурхайн биржийн арилжааг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ингэснээр ААНОАТ-ын орлого 2026 онд 6 их наяд 580.4 тэрбум төгрөгт хүрэхээр байна.
Үүний 75.6 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд, үлдэх 6,504.8 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
– Хувь хүний орлогын албан татварын орлого –
Энэ онд Засгийн газар төсвийн хэмнэлтийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгаж оновчтой болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчийн орон тоог 9 хувиар бууруулан ажиллаж байна. Энэ нь Хувь хүний орлогын албан татварын орлогод нөлөөлөх тооцоотой байна.
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөх оноос 20 хувиар нэмэгдүүлэн 792.0 мянган төгрөг байхаар тогтоосныг ирэх оны төсөвт тооцон оруулжээ.
Ингэснээр 2026 онд төсөвт төвлөрүүлэх Хувь хүний орлогын албан татварын орлого энэ оны батлагдсан дүнгээс 189.3 тэрбум төгрөгөөр буюу 6.8 хувиар өсөж, 2,975.8 тэрбум төгрөгт хүрэхээр тооцлоо.
– Импортын татварын орлого –
Манай улсын нийт импорт 2025 оны эхний 7 сарын байдлаар 6,480.8 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 68.9 сая ам доллароор өссөн байна. Дээрх өсөлтөд суудлын автомашины импорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ. Импортын энэхүү өсөлтөөс үүдэн гаалийн албан татварын орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 1,056.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.2 хувь, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар 2,292.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар тус тус өссөн байна.
2026 онд гаалийн байгууллагын үйлчилгээг түргэн, шуурхай, ил тод болгож, гаалийн хяналт бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг бууруулж, гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарна. Гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж өөрийн бараанд тохирох “барааны ангиллын код”-ыг хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан системээр тодорхойлуулснаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцжээ.
Ингэснээр гаалийн албан татварын орлого 2,267.0 тэрбум төгрөг, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 4,930.0 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцсон байна.
– Онцгой албан татвар –
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн нийт орлогын 3.8 хувь буюу 1,331.5 тэрбум төгрөгийг онцгой албан татвараас төвлөрүүлэхээр тооцлоо. Үүнээс,
- суудлын автомашины онцгой албан татварын орлогоор 640.0 тэрбум төгрөг,
- дотоодын архи, тамхи, пивоны онцгой албан татварын орлогоор 420.0 тэрбум төгрөг,
- импортын архи, дарс, тамхи, пивоны онцгой албан татварын орлогоор 263.0 тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Түүнчлэн автобензин, дизель түлшний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг “0” хувиар тогтоосон арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
– Дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар –
2026 онд дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого энэ оны хүлээгдэж буй түвшнээс 15.5 хувиар өсөж, 3,188.2 тэрбум төгрөгт хүрэхээр тооцжээ.
– Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр –
Засгийн газар 2026 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч ажиллана. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, боомтуудын дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэх, боомтын үйл ажиллагааг сайжруулах замаар хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Ингэснээр ирэх онд,
- нүүрсний экспорт 90 сая тонн, 1 тонн тутамд 70 ам.доллароор,
- зэсийн баяжмалын экспорт 1.9 сая тонн, 1 тонн тутамд 9,700 ам.доллард хүрэхээр тооцсон.
Улмаар 2026 онд экспортлох ашигт малтмалын биет хэмжээ болон зах зээлийн үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 4 их наяд 62.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс,
- Төсвийн тогтворжуулалтын санд нийт 292.1 тэрбум төгрөг,
- Ирээдүйн өв санд нийт 2,186.9 тэрбум төгрөг,
- үлдэх 1,583.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байна.
Ийнхүү нүүрс, зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр уул уурхайн салбараас 9 их наяд 327.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх буюу нэгдсэн төсвийн нийт орлогын 27 орчим хувийг бүрдүүлэхээр байна.
– НӨАТ –
Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулж, бодит орлогыг хамгаалах, орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлэхээр тооцсон.
НӨАТ-ы буцаан олголттой холбоотой дэлгэрэнгүй мэдээг унших холбоос: https://urug.mn/180933/






