
Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 1-нд Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагчдад “Эрхэм дүүдээ” гэх толгойтой захидал хүргүүлсэн байв. Энэ захидлыг татвар төлөгчдийн мөнгөөр хэвлүүлсэн үү гэдэг нь эхний асуулт. Хоёрдугаарт, хэрэв төсвийн мөнгөөр хэвлүүлсэн бол ямар компаниар хэвлүүлэв. Гуравдугаарт, захидлыг 21 аймаг болон бүх сумдын сургууль, нийслэл бүх сургуулиудад ямар зардлаар хэрхэн хүргэв. Дээрх асуултад хариулт хайлаа.
-Захидлын төсөв нь хаанаас гарсан юм. Ямар компаниар хэвлүүлсэн бэ?
-Боловсролын сайд П.Наранбаяр: Сайн мэдээлэлгүй байна. Зардал мөнгө нь Боловсролын яамнаас гараагүй. -Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: Төсөв мөнгөний тал дээр манай байгууллага ямар нэгэн мэдээлэлгүй байна.
-Ерөнхий сайд Г.Занданшатар: Захидалд тэрбум төгрөг зарцуулсан гэсэн худал мэдээлэл яваад байна. Нэг хүүхдийн захидлыг 100 төгрөгөөр, Монгол шуудан компани хэвлэсэн. Энэ бол Г.Занданшатарын захидал биш. Засгийн газрын захидал. Засгийн газраас хүүхдүүддээ хандаж, сайн сураарай уриалсан захидал. Ийм захидал манай УИХ-ын гишүүд ч явуулдаг. Би ч тойргийнхоо гишүүдэд захидал явуулж байсан. Хүүхдүүдэд маш их урам өгдөг юм билээ.
Энэ бол улсын төсвийн хөрөнгөөр биш энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж хийсэн ажил.
-Түгээлтийн зардал нь хаанаас гарсан бэ?
-П.Наранбаяр: Түгээлтийн зардал хаанаас гарсныг сайн мэдэхгүй байна.
-БЕГ-ын дарга Т.Ням-Очир: “Монгол шуудан” компани түгээлтийн ажлыг хариуцсан.
За, тэгвэл одоо тоо бодоцгооё!
Нэг. Ерөнхий сайд Г.Занданшатар нэг захидлыг 100 төгрөгөөр хэвлүүлсэн гэж хэллээ. 2025-2026 оны хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд нийт 818,219 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцана гэж Боловсролын Ерөнхий газар өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэгэхээр 818,219 хүүхэд *100 төгрөг =81,821,900 /наян нэгэн сая найман зуун хорин нэгэн мянга, есөн зуу/ төгрөгөөр захидлыг хэвлүүлсэн болж таарах нь. Гэхдээ энэ мөнгө яг хаанаас гарсан бэ гэдгийг Ерөнхий сайд яг таг хэлсэнгүй. Хувийнхаа мөнгөөр хэвлүүлсэн юм уу. Хэрэв тийм бол төлбөр баримтаа нийтэд тайлагнах нь зүйтэй.
Хоёр. Энэ их захидлыг хаана хэвлүүлсэн бэ гэдэг нь анхаарал татна. Ерөнхий сайд Г.Занданшатар “Нэг хүүхдийн захидлыг 100 төгрөгөөр, Монгол шуудан компани хэвлэсэн” гэж өчигдөр /2025.09.02/ ярив. Гэвч Монгол шуудан компанийн ажлын утас руу холбогдон тодруулахад “Манайх юм хэвлэх боломжгүй. Та бичиг хэргийн газар захиагаа хэвлүүлээд, манай дугтуйнд хийгээд явуулж болно” гэх тайлбарыг өгөв. Тэгэхээр эндээс хоёр асуулт урган гарч байна. Нэгдүгээрт, Монгол шуудан компани өөр хэвлэлийн компаниар хэвлүүлсэн үү. Эсвэл Ерөнхий сайд худлаа хэлсэн үү?
Гурав. Захидлын түгээлтийг “Монгол шуудан” компани хариуцсан гэдгийг БЕГ-ын дарга Т.Ням-Очир хэлсэн. Тэгэхээр нэг захидлыг хэдэн төгрөгөөр сурагчдын гарт хүргэсэн бэ гэдгийг бодож үзье.
Монгол шуудан компанийн сайт руу ороод үнийн тооцоолуур хийлгэж үзэхэд,
- Жишээ нэг: Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооноос Баян-Өлгий аймгийн Алтай сум руу 0-5 кг ачаа хүргүүлэх бол 20,000 төгрөг болж байна.
- Жишээ хоёр: Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооноос Налайх Алтай сум руу 0-5 кг ачаа хүргүүлэх бол 20,000 төгрөг болж байна.
Тэгэхээр аль аймгийн, аль сум руу илгээх гэж байгаагаас хамаараад үнэ нь харилцан адилгүй байдаг байх нь. Олон тооны илгээмжийн хүргэлтэд үнэ нь ч тодорхой хэмжээгээр буурдаг байж мэднэ. Гэхдээ нийслэл дэх захидлын түгээлтийг Монгол шуудан компани хүргээгүй гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалжууд хэлж байна.








