
Өнгөрсөн ням гарагт Афганистаны зүүн зүгийн уулархаг бүс нутагт болсон 6 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амь үрэгдэж, 3000 гаруй хүн бэртжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар ням гарагийн оройны 23:47 цагт болсон ба газар хөдлөлтийн голомт тус улсын 5 дахь том хот болох Желалабад хотоос 27 км зайд, 8 км гүнд бүртгэгджээ.
Уг газар хөдлөлтийн чичирхийлэл 140 км зайд байрлах нийслэл Кабул хотод мөн хөрш Пакистан улсад хүртэл хүчтэй мэдрэгдсэн байна.
Албаны хүмүүс амь үрэгдсэн иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгааг онцолж, газар хөдлөлтийн голомт бүртгэгдсэн бүс нутаг руу хөтлөх авто зам дээр хөрсний нуралт үүссэн учраас аврах багийнхан нисдэг тэрэг ашиглаж байгаа тухай BBC агентлаг мэдээлж байна.
Хятад, Энэтхэг, Их Британи, Швейцар зэрэг хэд хэдэн улс гамшигт өртсөн бүс нутагт тусламж илгээхээ мэдэгджээ.
Эх сурвалж: bbc.com






