
УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон.
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд өнөөдөр /2025.09.01/-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт орууллаа. Ингэснээр 2025.09.01-ний өдрийн байдлаарх зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй найдваргүй зээлийн ангилалд буй бүх мэдээллийг хүчингүй болгов. Цаашид 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагууд нь иргэн аж ахуйн нэгжийн зээлжих чадавхыг хуулийн дагуу онооны системээр тооцох юм.
- Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
- Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
- Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
- Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
- Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
- Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

Хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Иргэн, аж ахуйн нэгжүүд өмнө нь зээлийн муу түүхтэй болсон тохиолдолд зургаан жилийн хугацаанд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж хязгаарлагддаг байсан. Харин одоо энэхүү зээлийн муу түүх, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болж, иргэдийн зээлжих чадварыг оноогоор дүгнэж эхэлнэ. Ингэхдээ хэдийгээр тухайн иргэн зээлээ төлж чадахгүйд хүрч, оноогоо бууруулсан ч гэсэн, эргээд зээлээ төлж эхлэх тохиолдолд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөөд, хэвийн түвшинд хүртэл ахих боломжтой болж байна” гэв.






