
Техас мужид 9-р сарын 1-нээс БНХАУ, Иран, Хойд Солонгос болон ОХУ-ын иргэд болон компаниудад үл хөдлөх хөрөнгө худалдан авах мөн түрээслэхийг хориглосон хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн төслийг энэ оны эхээр Техас мужийн захирагч Грег Эбботт санаачилж, өнгөрсөн 7-р сарын 20-нд Техас мужийн хууль тогтоогчид баталжээ. Грег Эбботтын хэлснээр уг хуулийн төсөл нь АНУ-д одоо үйлчилж байгаа “гадны дайснуудаас ангижрах” тухай хуулиудаас “хамгийн хатуу” нь аж.
Уг хуулийн төсөлд үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч улс орнуудын зарим иргэд болон байгууллагуудад Техас мужийн нутаг дэвсгэрээс үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууц, үйлчилгээний талбай, газар тариалангийн талбай зэргийг худалдан авахыг хориглох, үл хөдлөх хөрөнгө түрээслэх хугацааг нь нэг жилээс хэтрүүлэхгүй байх тухай заажээ. Дээрх хууль журмыг зөрчсөн этгээдэд багадаа 250 мянган ам.долларын торгууль оногдуулж эсвэл хорих ялаар шийтгэх аж. АНУ-ын иргэншилтэй, ногоон карт буюу олон үндэстний цагаачлалын визтэй иргэдийн хувьд нэг үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхтэй хэвээр үлдэх аж. 2023 оны байдлаар зөвхөн Техас мужид эх газрын Хятадад төрсөн 120 мянга гаруй хүн амьдарч байгаа ба дээрх хуулийн төсөлд Хятадын олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамгийн ихээр өртөх төлөвтэй байгаа аж.
Уг хуулийн төслийг эсэргүүцэж буй Техас мужийн төлөөлөгч, Ардчилсан намын гишүүн Жин Вү, “Энэ бол азиудын эсрэг, цагаачдын эсрэг, дан ялангуяа Хятад-Америк гаралтай иргэдийн эсрэг чиглэсэн хуулийн төсөл.” хэмээн мэдэгдэж, уг хуулийн төслөөс болж Техас муж олон сая ам.долларын хөрөнгө оруулалтаа алдаж байгааг онцолжээ. 2011-2021 онд Техас мужид Хятадын 34 компани нийт 2.7 тэрбум ам.долларын 38 удаагийн хөрөнгө оруулалт хийж, 4682 ажлын байр шинээр бий болгожээ. 2021 оноос хойш АНУ-ын 26 муж гадаадын иргэд болон компаниудын үл хөдлөх хөрөнгө эзэмших явдалд хязгаарлалт тогтоосон хуулийн төслүүдийг баталсан ба тэдгээрийн дийлэнх нь Хятадын тагнуулын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниссэн явдлаас хойш батлагджээ.






