
“Дулаанбаатар” аян өнөөдрөөс Сүхбаатар дүүргээс эхэлж, айл өрх бүрийг өвлөөс урьтаж гэр, байшингаа дулаалж эрүүл, тав тухтай орчинд өвлийг өнгөрөөхийг уриаллаа.
Энэхүү өдөрлөгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц санаачлан, УИХ-ын гишүүн Х.Болормаа болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд хамтдаа нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах зорилготой.
Дулаалгын ач холбогдол
Өнөөдөр Улаанбаатар хотын 170 мянга гаруй өрх гэр болон амины сууцандаа стандарт дулаалга хийгээгүй амьдарч байна. Үүний улмаас айл өрхүүд өвөлдөө өдөрт 5–6 удаа зуухаа галлаж, түлшинд сард дунджаар 150 мянган төгрөг зарцуулдаг. Харин гэр, байшингаа зөв дулаалснаар өдөрт 1–2 удаа галлахад хангалттай болж, түлшний зардал буурч, өрхийн төсөв хэмнэгдэхийн зэрэгцээ хүүхдийн өвчлөл эрс багасдаг.
Мөн дулаалга нь зөвхөн түлшний хэрэглээг бууруулах бус, сэргээгдэх эрчим хүч болон цахилгааны хэрэглээг хэмнэх, өмч хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, хамгийн гол нь эрүүл мэндээ хамгаалах урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Өдөрлөгийн онцлох агуулга
- “Дулаанбаатар” аяны зорилго, ач холбогдлын танилцуулга,
- “Гэр байшингаа хэрхэн зөв дулаалах вэ?”, “Материалын сонголт ба стандарт” зэрэг сургалт, зөвлөгөө,
- Амжилттай дулаалсан айлын бодит туршлага, өмнө ба дараах харьцуулалт,
- Дулаалгад зориулсан ногоон зээлийн боломж, авах аргачлалын танилцуулга,
- Иргэдийн асуултад мэргэжилтэн, банк, байгууллагын төлөөлөгчдийн өгсөн шууд зөвлөгөө, хариулт зэрэг мэдээлэл хүргэгдлээ.
Дэмжигчид ба хамтын ажиллагаа
Энэхүү өдөрлөгт төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд нэгдэж буй нь онцлог юм.
- Монгол Базальт ХК – мэргэжлийн сургалт, зөвлөгөө
- Жерес ОУБ-ын “Дулаан шийдэл” төсөл, UNICEF, People in Need байгууллагын “Чип багц төсөл” – дулаалгын олон улсын туршлага, шинэ шийдэл, арга хэрэгсэл
- Сүхбаатар дүүргийн удирдлагууд – орон нутгийн түвшинд бодит дэмжлэг үзүүлж байна.
Энэ хамтын ажиллагаа нь нийслэлчүүдэд бодит мэдлэг, шийдэл, боломжийг нэг дороос олгох давуу талтай.
Уриалга
“Дулаанбаатар” аян нь иргэдийн эрүүл, тав тухтай амьдралыг дэмжихээс гадна нийслэлийн агаарын бохирдлыг ойрын хугацаанд 30 хувиар бууруулах, урт хугацаандаа бүрэн арилгах зорилготой үндэсний хөдөлгөөн юм.
“Өвлөөс урьтаж дулаалцгаая!” уриатай энэхүү хөдөлгөөнд өрх бүр нэгдэж, байшин гэрээ дулаалж чадвал бид хамтдаа цэвэр агаартай, хүн бүхэнд ээлтэй Улаанбаатарыг бүтээх боломжтой.







