
“Төсөв” бол иргэд, ААН-ийн олсон орлогоосоо төлсөн олон төрлийн татварын орлогоос бүрдэж, эргээд та бидний амьдрах орчныг бүрдүүлэхэд зарцуулах мөнгөн хуваарилалтын баримт бичиг юм. Татвар бол төсвийн суурь учраас тухайн жилийн төсвийн төсөлд татвартай холбоотой орж буй зохицуулалт, бодлого, чиглэл хамгийн чухал хэсэг болдог.
“Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл”-д олон нийтээс санал авсан бөгөөд нийт 189 мянга гаруй иргэн санал өгсөнөөс 150 мянга гаруй нь татварын хувь хэмжээг бууруулж, татварын орчныг сайжруулан, уян хатан болгох ёстой гэж санал өгсөн.

Тэгвэл 2026 оны улсын төсвийн төсөлд,
“Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах, татварын тогтолцоо, бүртгэл, хамрагдалтыг сайжруулах, бүх нийтээр жигд шударга төлдөг татварын орчин бүрдүүлэх, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих татварын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ”
гэж бодлогын зорилт дэвшүүлжээ. Үүнд,
– Иргэдийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийг шаталсан хэлбэрээр үе шаттай нэмэгдүүлж иргэдийн татварын ачааллыг бууруулж, орлогыг хамгаалж дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр иргэд худалдан авалтын хэмжээнээс хамаарч 10%, 5%, 2%-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын шаталсан хөнгөлөлтийг эдлэх боломж бүрдэнэ. Үүний үр дүнд нийт цахим төлбөрийн баримтын 75 хүртэлх хувь 5 ба түүнээс дээш хувийн НӨАТ-ын хөнгөлөлт эдлэх шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах босго, шатлалыг нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хялбаршуулсан бага татвар бүхий горимд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ.
– Бүх нийтээрээ татварыг шударгаар төлдөг, үйлдвэрлэгчдэд дарамт учруулдаг олон төрлийн чөлөөлөлт, хязгаарлалтуудын өөрчлөн оновчтой болгон хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлнэ.
– Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн хомсдол, эргэлтийн хөрөнгийн дарамтыг бууруулах зорилгоор татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийн даган мөрдөлтийн түвшинд үндэслэн түүний дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хойшлуулах, уян хатан төлөх боломжийг олгож дэмжлэг үзүүлнэ.
– Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж хийж, татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж туслах, зөрчил гарсны дараа бус урьдчилан анхааруулж өөрөө сайн дураар засах боломжоор хангана.
– Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг үнэлж, хариуцлагатай татвар төлөгчдийн татвар төлөх хугацааг сунгаж уян хатан төлөх боломж олгох, дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, тодорхой хэсгийг битүүмжлэн бизнесээ хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгаад байна.
Төсвийн хуульд ийм бодлого баримтлах төдийгүй УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээр “Татварын багц” хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.






