
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудал, гаргасан шийдвэрийн холбогдох сайд нар мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнэ” компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Байгалийн баялгаас ард түмэн хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дэд ажлын хэсэг байгуулсан. Ийнхүү өнөөдрөөс ажилдаа орлоо.
“Ачит Ихт” компанийн тухайд, 10 жил үйл ажиллагаа явуулж, 100 мянган тонн зэс үйлдвэрлэн 1.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Тэгсэн атлаа “Эрдэнэт үйлдвэрт” овоолго ашигласны төлбөрт 30 тэрбум төгрөг төлсөн. Одоо овоолгыг үнэгүй ашигладаг.
“Эрдмин” компаниийн 25 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг. 2024 оны жилийн эцсийн байдлаар 639 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. “Эрдэнэт үйлдвэр-т 67 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Улс орон нутгийн төсөвт 170 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
“Зэс эрдэнэ” компанийн тухайд Эрдэнэтийн овоолгыг сүүлийн хэдэн жил ашиглаж байгаа. Туршилт нэрээр овоолго ашигласны төлбөр, холбогдох татвар хураамж төлдөггүй. Ер нь бол Эрдэнэтэд овоолгын хулгай байна.
Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг үүсмэл орд дээр хангуулъя. Үүсмэл орд ашиглаж байгаа хуулийн этгээдүүд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр орлуулах хэлэлцээрүүдээ үргэлжлүүлж, богино хугацаанд үр дүн гаргахад анхаарна. Овоолгын хулгайг таслан зогсооход Г.Занданшатарын Засгийн газар анхаарч, үр дүн гаргана” хэмээв.






