
Төвөдийн Өөртөө Засах Орны нутаг дэвсгэрт дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн эрх баригчид тус усан цахилгаан станц нь Энэтхэгийн зарим гол мөрнүүдийн усны урсгалыг 85 хүртэлх хувиар бууруулах эрсдэлтэйг анхааруулжээ. Ярлун-Цангпо гол дээр баригдах Хятадын усан цахилгаан станцын нөлөөг бууруулахын тулд Дели өөрийн нутаг дэвсгэр дээр мөн адил далан барих шаардлагатайг Энэтхэгийн эрх баригчид онцолжээ.
Энэтхэгийн засгийн газар 2000 оноос хойш Төвөдийн Өөртөө Засах Орны нутаг дэвсгэрт байрлах мөнх цаст уулаас эхтэй голуудын усны урсгалыг хянах зорилгоор далан барих шаардлагатайг онцолж, зохих төслүүдийг танилцуулсан ч тэдгээр нь Төвөдтэй хиллэдэг Аруначал Прадеш мужийн иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулж, хойшилсоор иржээ. Энэтхэгийн эрх баригчдын мэдэгдсэнээр шинээр баригдаж буй Хятадын УЦС ашиглалтад орсноор Энэтхэг рүү урсах голуудын усны хэмжээ ойролцоогоор 40 тэрбум м³-аар буурч болзошгүй ба үүний нөлөө нь борооны бус улиралд Энэтхэгийн зарим бүс нутгуудад хурц ган гачгаар илрэх аж.
Хятадын УЦС ашиглалтад орсон тохиолдолд газар тариалан, фермийн аж ахуй эрхэлдэг Энэтхэгийн Гувахати зэрэг хотуудын усан хангамж 25 хувиар буурах тооцоотой байгаа ба Энэтхэгийн засгийн газрын дэмжиж буй The Upper Siang төслөөр баригдах далан нь 14 тэрбум м³ усыг хадгалах хүчин чадалтай бөгөөд гол мөрний дагуу байрлах бүс нутгуудыг борооны бус улирлаар усны хомстолд орохоос сэргийлэх аж.






