
Сагсан бөмбөгийн спортын домогт тамирчид болох Майкл Жордан ба Коби Брайант нарын гарын үсэг бүхий цуглуулгын карт АНУ-ын Heritage Auctions дуудлага худалдаагаар 12.9 сая ам.доллароор зарагджээ. Ингэснээр 2007-08 Upper Deck Exquisite Collection Dual Logoman Autographs цувралын уг карт нь дэлхийн хамгийн өндөр үнэд хүрсэн спортын цуглуулгын карт болжээ.
Уг карт дээр Майкл Жордан, Коби Брайант хоёрын гэрэл зураг, гарын үсгүүдээс гадна өмсгөлийнх нь дээр байсан NBA логонуудыг байршуулснаараа онцлогтой бөгөөд 2020 онд Коби Брайант ослын улмаас харамсалтайгаар өөд болсонтой холбоотойгоор түүний гарын үсэгтэй карт дахин гарах боломжгүй зэрэг нь уг картыг дахин давтагдашгүй болгожээ. Дээрх картаас өмнө сагсан бөмбөгийн цуглуулгын хамгийн үнэтэй картаар 5.9 сая ам.доллароор зарагдсан Стефен Карригийн 2009-10 оны анхны улирлын тоглолтын карт нэрлэгдэж байсан юм.






