
Хүнсний аюулгүй байдлын шатлалын цогц ангилал буюу IPC ангиллаар Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотын хүн ам өлсгөлөнд нэрвэгдсэн гэж гарчээ. Үүний эсрэг даруй зохих арга хэмжээг авахгүй бол Газа хотод тулгарсан хүнсний хямрал ирэх сарын сүүл гэхэд өмнөд зүгийн Дейр эль Балах, Хан Юнис зэрэг хотуудад нүүрлэх эрсдэлтэй байгаа аж.
НҮБ болон хүний эрхийн төлөөх байгууллагууд Израилын зэвсэгт хүчин Газын зурвас руу оруулах хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлаж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа нь Газын зурвасын хүн ам тэр дундаа хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн сүүлийн хэдэн сарын турш удаа дараа анхааруулсаар байсан билээ.
Ажиглагчид Израилын эрх баригчдын Газа хотыг хяналтдаа авах төлөвлөгөө нь хүнсний хямралыг улам хурцатгана гэж үзэж байгаа юм.
Хүнсний аюулгүй байдлын шатлалын цогц ангилал буюу IPC ангиллаас гаргасан тайланд Газын зурвасын нийт хүн амын 1/4 нь буюу 500 мянга гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа ба тэдгээрийн ихэнх нь шим тэжээлийн ноцтой дутагдлаас үүдэлтэй өвчин эмгэгээс болж нас барах өндөр эрсдэлтэй байгааг онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш талуудыг даруй галаа зогсоохыг шаардсан бол Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвасын хүн ам өлсгөлөнд нэрвэгдэж буй талаарх мэдээ мэдээллүүдийг худал хэмээн үгүйсгэжээ.
АНУ-ын Төрийн департамент Газын зурваст нөхцөл байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрсөн ч хүмүүнлэгийн тусламж хүргэж өгөх үйл явцыг ХАМАС бүлэглэл болон дээрэмчин тонуулчид хүндрүүлж байгаа гэжээ.
Хүнсний аюулгүй байдлын шатлалын цогц ангиллаар тухайн бүс нутгийн айл өрхүүдийн багадаа 20 хувь нь хоол хүнсний хурц дутагдалд орсон бол, 6 сараас 5 хүртэлх насны хүүхдүүдийн багадаа 30 хувь нь өндөр жингийн үзүүлэлтээр, эсвэл 15 хувь нь бугалгын тойргийн хэмжээгээр шим тэжээлийн хурц дутагдалтай гэж гарсан бол, мөн өдөрт багадаа 2 том хүн эсвэл 5-аас доош насны 4 хүүхэд шим тэжээлийн дутагдлын улмаас нас барж байвал тухайн бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн гэж ангилдаг байна.
Эх сурвалж: AP News






