
Энэтхэгийн Дээд шүүх 8-р сарын 12-нд Дели хотын гудамжны бүх нохдыг 8 долоо хоногийн дотор барьж, асрамжийн газруудад тараан байршуулах захирамж гаргасныгаа өнгөрсөн баасан гарагт өөрчлөн, галзуу өвчтэй болон хэтэрхий догшин нохдоос бусад гудамжны бүх нохдыг барьж, вакцин болон үржлийг нь зогсоох спэй заслагад хамруулсных нь дараа гудамжинд нь сул чөлөөтэй тавихыг шийдвэрлэжээ.
Түүнчлэн шүүх иргэд гудамжны нохдыг олон нийтийн газруудад дураараа хооллодог явдлыг зогсоохын тулд золбин нохдыг хооллох тусгай цэгүүдийг бий болгохыг үүрэг болгожээ.
Энэтхэгт гудамжны нохдын тоо өсөхтэй зэрэгцэн золбин ноход иргэд рүү халдаж хазсан явдал, нохойноос хүнд галзуу өвчин халдаасан тохиолдлын тоо нэмэгдсээр иржээ. 2024 онд тус улсад золбин нохойд хазуулсан нийт 3.7 сая тохиолдол бүртгэгдсэн бол зөвхөн энэ оны 1-р сард гудамжны нохойд хазуулсан 430 мянган тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Дээд шүүх бүх золбин нохдыг барьж, асрамжийн газруудад байршуулахыг шийдвэрлэсэн ч амьтдад хайртай иргэд, амьтдын эрхийг хамгаалах байгууллагууд Дели хотод гудамжны бүх нохдыг байршуулах хангалттай дэд бүтэц байхгүйг онцлон, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хөдөлгөөн өрнүүлж, цахим өргөдөл хүртэл гаргажээ.
Mars Petcare компанийн хийсэн судалгаагаар Энэтхэгт 52.5 сая золбин нохой байдгаас 1 сая орчим нь зөвхөн Дели хотод бүртгэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр мал амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчний халдвар авсан иргэдийн 99 хувь нь нохойноос уг өвчнийг авсан байдаг ба галзуу өвчнөөр нас барсан нийт тохиолдлуудын 36 хувь нь Энэтхэг улсад бүртгэгддэг байна.
Эх сурвалж: Reuters






