
АНУ-ын Төрийн департамент 2025 он гарснаас хойш оюутны 6000 гаруй визийг цуцалжээ. Даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Төрийн департамент визний хугацаагаа хэтрүүлсэн эсвэл хууль зөрчсөн гадаад оюутнуудын визийг цуцалсан гэдгээ мэдэгджээ.
Хууль зөрчсөн гэсэн шалтгаанаар оюутны виз нь цуцлагдсан гадаад оюутнуудын дийлэнх нь танхайрах, согтуугаар жолоо барих, хулгай дээрмийн болон терроризмыг дэмжсэн хэрэгт холбогджээ.
Д. Трампын засаг захиргаа Израилын Газын зурваст явуулж буй дайныг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнд оролцсон гадаад оюутнуудын визийг еврейчүүдийн эсрэг үзэл, терроризмыг дэмжсэн гэх үндэслэлээр цуцалжээ.
Өнгөрсөн 6-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио АНУ-ын элчин сайдын яамдад, “Нийгмийн сүлжээний хяналт шалгалтыг өргөтгөхөд бэлтгэж байгаатай холбоотойгоор консулын хэлтсүүдэд оюутан болон солилцооны хөтөлбөрт оролцогчдод (F, M болон J ангилал) визний цаг нэмж товлох явдлыг шинэ удирдамж гарах хүртэл зогсоохыг үүрэг болгож байна.” хэмээн мэдэгдэж, АНУ-ын оюутны виз хүсэгчид нь АНУ, Америкийн ард иргэд, соёл, засгийн газар, төрийн институцуудын эсрэг дайсагнасан хандлагатай байгаа эсэхийг шалгах, виз хүсэгчдээс нийгмийн сүлжээнд хөтөлдөг хуудаснуудаа бүх хүн харах боломжтой тохиргоотой болгохыг шаардан шалгахыг даалгасан билээ.
Өнгөрсөн онд Вашингтон гадаадын 400 мянга орчим иргэдэд оюутны виз олгосон ба энэ жил Д. Трампын засгийн газрыг бодлоготой холбоотойгоор дээрх үзүүлэлт буурах төлөвтэй байна.1






