
НЗДТГ-аас Төв талбайд “UB food” фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 8-нд 600 саяын үнэ өртгөөр том цагаан асрыг зассан.
“UB food фестивалийг” дөрөвдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Тус арга хэмжээ дууссаны дараа асарт “Циркийн долоо хоног арга хэмжээ”, “Улаанбаатар марафон” е-спорт, шагайн спорт, 3х3 сагсан бөмбөгийн арга хэмжээнүүд болсон. Дээрх асар нь 50х80 харьцаатай, дөрвөн мянган мкв талбайтай бөгөөд нэг өдөрт дунджаар 5-7 сая төгрөгөөр түрээслүүлнэ гэж албаны эх сурвалж ярьсан.
Уг асрыг хамгийн сайн үнийн санал өгсөн ААН-д 3-4 сарын хугацаанд түрээслүүлнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. Үүнд хоёр байршил яригдаж байсан нь Хүй 7 худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно баригдана гэж ярьж байсан ч баригдсангүй.
Үүний талаар холбогдох хүнээс Хүй 7 болон Төв цэнгэлдэх хүрээлэнд баригдсан эсэх, одоо хаана хадгалж байгаа талаар тодрууллаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн: Хүй 7 худаг болон, Төв цэнгэлдэх хүрээлэнд баригдаагүй.
Одоогоор хаана байгаа эсэхийг асуухад хариу мэдээлэл өгсөнгүй.
Ш.Бүжинлхам






