
2025 оны тавдугаар сарын 16-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотын энэ өвлийн түлшний бодлогыг хэлэлцэн, хагас коксон шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд дээрх тогтоол, зөвлөлийн шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын айл өрхүүд 2025-2026 оны өвөл хагас коксоор хийсэн шахмал түлш хэрэглэхээр болсон юм.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.
Энэ жил өөр яах юм гэж загнаж байгаад Хятадаас шахмал түлш авч ирэх юм байх, уг нь Монголд шигшээд ашиглах сайн чанарын бэлэн нүүрс бишгүй л байна. За тэгээд Хятадаас авч ирэх шахмал түлшээ хоногт тэдэн кг гэж тоогоор хязгаарлаж өгнө. Хүмүүс жаахан даарна байх, тэрийг тоохгүй нь л дээ. Уг хагас коксжуулсан нүүрс өөрөө тортог багатайн дээр хангалттай хэмжээгээр олдохгүй тул бага хэмжээгээр түлж ялгарах утаа буурч таарна. Ингэхээр зэрэг “тээр утаа буурч байгаа биз” гээд нэг хоёр их наядаар хагас коксын үйлдвэр барина гэж зүтгэнэ. Дараа нь тэр үйлдвэрлэсэн түлшиндээ жил бүр хэдэн зуун тэрбумаар татаас өгнө. Тэгээд эргээд 5 жил болоод хартал гэр хороололгүй болчих хэдэн их наядын хөрөнгийг түлшинд хийгээд шатаагаад байхгүй болгочихсон, гэр хороолол нь бахь байдгаараа байж л байна. Бөөн хэрүүл уруул болчихсон. Тийм учраас УИХ “түлш, зууханд төсөв зарцуулахгүй” гэж тогтоол гаргасан. Би гэхдээ Монгол парламентын засаглалтай улс гэдэгт эргэлзэх боллоо. Парламентын хэлэлцэж гарсан шийдвэр биш эрх баригч намын дангаар гаргасан шийдвэрээр явчхаж байна. Улс төрийн хувьд оноо авч ирэх зөв шийдэл гэж үзэж байгаа бололтой юм билээ. Гэхдээ энэ бол алдаа. Эсрэг тэсрэг байр суурьтай ч намын бодлого шийдвэр хэмээн дуугүй явж байгаа эрхэм нөхөд өө, энэ шийдвэр бол нэгд шинэ түлштэй холбоотой техникийн урьдчилан таашгүй эрсдэлтэй, хоёрт асар их мөнгийг эргэлзээтэй зүйлд зарцуулснаараа утаа бууруулж улс төрийн оноо авах биш эсрэгээрээ эдийн засаг хэцүү үед монголчуудаас харамласан мөнгөө гадагш урсгаж дааруулж өвөлжүүлсэн хэмээн шалдаа буутал унахын цондон гэдгийг зөвлөн хэлье.






