
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт АНУ-ын Аляска мужийн Анкориж хотод байрлах Эльмендорф-Ричардсон зэвсэгт хүчний нэгдсэн баазад болох талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгджээ.
Түүний хэлснээр Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-Украины дайныг дуусгаж, олон хүн амь үрэгдэж байгаа явдлыг зогсоохоор зорьж байгаа аж.
Аляскийн өмнөд эрэгт байрладаг Анкориж хотод тус мужийн нийт хүн амын 40 хувь нь аж төрдөг байна.

Түүхийн хуудсыг сөхвөл америкчууд 1867 онд Оросын эзэнт гүрнээс Аляскыг 7.2 сая ам.доллароор худалдан авч байсан ба Аляска нь 1959 онд АНУ-ын мужийн статустай болжээ.
Ерөнхийлөгч В.Путины туслах Юрий Ушаков хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт Аляскад болж байгаа нь логикийн хувьд маш утга авцалдаатай. Учир нь АНУ болон ОХУ нь Берингийн хоолойгоор тусгаарлагдсан хөрш орнууд хэмээн онцолжээ.






